Н.Ганхуяг: Манай “Инээмсэглэл” хамтлагийн дуунууд радиогийн бичлэгээр олны танил болсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Манайд ирээрэй”, “Бүсгүйчүүд”, “Зүрхний үг”, “Алтан хавчаар”. Энэ бол өдгөөг хүртэл бидний сэтгэлд уяатай эгшиглэдэг мөнхийн хит дуунууд. 1970, 80-аад оны залуусын хөл нийлүүлэн бүжиж, хоолой нийлүүлэн дуулдаг байсан эдгээр дууг “Инээмсэглэл” хамтлаг анх амилуулж байсан түүхтэй. Дуулсан дуу бүр нь олны таашаалд нийцэж, 45 жилийн турш шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд хоногшсон гээд бодоход Монголын эстрад урлагийн нэгэн домог, салшгүй түүх нь энэ хамтлаг билээ.
2010 онд бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд хийж байсан “Инээмсэглэл”-ийнхэн 13 жилийн дараа хамтлагийнхаа анх байгуулагдсаны 55, дахин нэгдсэний 45 жилийн ойн тоглолтоор фэнүүдтэйгээ дахин уулзах гэж байна. Уулзах газар нь мөнөөх л Соёлын төв өргөө. Энэ газрыг сонгосон шалтгаанаа тэд “Бид олон хүн цуглуулж, ашиг олохын төлөө тоглоогүй. Манай хамтлагийн дууг төдийгөөс өдий хүртэл сонсож ирсэн үнэнч фэнүүдтэйгээ халуун дулаан уулзалт хийж, чин зүрхний үгээ ярилцангаа үзэгчдийн сэтгэлд зүрхэнд хоногшсон дуунуудаа дуулахыг хүссэн юм” хэмээн тайлбарлав. Ирэх сарын 1, 2-нд болох уг тоглолтын продюсераар “Library Records”-ын Т.Мөнх-Оргил ажиллажээ.
13 жилийн өмнө анхны цомгоо үзэгчдийн хүртээл болгож байсан “Инээмсэглэл” хамтлагийнхан шинэ оноос өмнө 24 дуутай хос пянзаар фэнүүддээ бэлэг барихаар Герман руу хэвлэлтэд явуулснаа дуулгах нь тэр. Монголын радиогийн алтан фондод орсон хуучны дуунуудыг фэнүүд нь пянзанд бичүүлснээр сонсох боломж бүрдэж байна гэсэн үг. Түүнчлэн хамтлагийн түүхэн он жилүүдийг өгүүлэх таван ангит баримтат цуврал нэвтрүүлгээс гадна “Киви”-гийн Ука, “A Sound”-ын Тэмүүлэн, “Voice of Mongolia”-гийн анхны ялагч Энгүүн зэрэг залуу уран бүтээлчид “Инээмсэглэл”-ийн хит дуунуудын шинэ найруулгатай хувилбарын цуврал амьд хөгжмийн контент хүргэхээр бэлджээ. Мөн хэд хэдэн дуугаа дүрсжүүлсэн байна. Тус хамтлагийн анхны бүтээлүүдийн нэг Ж.Буд-Эрдэнийн шүлэг, Б.Долгионы ая “Арван жилийн найз” дуу нь клиптэй болсон байна.
"Инээмсэглэл" хамтлагийн гишүүн Н.Ганхуягтай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-13 жилийн дараа дахин тоглолтоо хийх гэж байна. Хэр
их догдолж байна вэ?
-Маш их догдолдог. Мянган удаа гарсан ч би догдолсоор л
байх болно. Ер нь тайзан дээр гарах бүрд өөрийгөө тайвшруулж, төвлөрүүлэх шаардлага
гардаг. Одоо ч би гэгэлзэж байна. Хүн гэдэг амьтанд сэтгэлийн хоол маш их
хэрэгтэй. Тэр үүднээс манай хамтлагийнхан шаардлагатай хоолыг нь өгөхийн тулд хичээж
байна. Хичээсний дүнд сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй явна. Бидний дараагийн
үеийнхэн манай тоглолтод оролцож байгаа нь бидэнд түшиг тулгуур болж байна. Ер
нь их догдолж байна шүү. Хүлээлт ч их байна.
-Бэлтгэл ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-2023 он тэр чигээрээ бэлтгэлийн жил болсон гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл
пянзаа бичүүлэх гээд маш эрт ажилдаа орсон. Тиймээс бэлтгэл боломжийн хэмжээнд
очсон шүү. Энэ тоглолтоор дамжуулан бидэнтэй одоо хамт байгаа болон тэнгэрт
одсон найз нөхөд, аав, ээжээ дурсъя. Энэ бол маш чухал. Нас яваад ирэхээр хүн
хамгийн нандин, үнэтэй зүйлүүдээ эрхэмлэдэг. Тэр утгаараа бид аав, ээжээ дурсах
нь зүйн хэрэг. Аав, ээж байгаагүй бол бид хаанаас байх билээ. Сэтгэлийн гүнд хадгалж
байсан зүйлүүдээ гаргая. Цаг нь болжээ гэж бодож байна.
-2010 онд танай хамтлагийн тоглолт болоход Бадрууган
агсны хүү Наранзун аавынхаа хоёр дууг дуулж үзэгчдэд бэлэг барьж байсан санагдана.
Энэ удаа фэнүүддээ барих бэлгийнхээ захаас задалж болох уу?
-Бадрууган бол өөрийн гэсэн онцлогтой дуулдаг хүн. Би яаж ч хичээгээд тэр
хүн шиг дуулж чадахгүй. Гэхдээ түүний дуулсан дуунуудыг аль болох анхны
хувилбар руу ойртохыг хичээж, пянзандаа оруулсан байгаа. Шинэлэг хэв маяг
оруулж болох ч бид түүнээс зориуд татгалзсан. “Хослон дуулъя”, “Улаанбаатарын
үдэш” зэрэг дууг яг оригналаар нь хүргэхийг хичээлээ.
-2010 оны тоглолтоор анхны цомгоо гаргаж байсан та
бүхэн өнөөдөр анхны хос пянзаа хэвлэлтэд явуулжээ. Бас ганцхан хуурцагтай
байдаг байх. Тэгвэл үзэгчдийн сэтгэлд хоногшсон хэчнээн дуугаа дүрсжүүлж амжив?
-Хүмүүс янз бүрээр л хэлдэг юм. Гэхдээ бид азтай. Тухайн үед манай хамтлаг
радиогийн дэргэд байсан учраас радиод бичлэг хийлгэх боломж таарснаараа онцлогтой.
Тэгэхээр үзэгчдэд хамгийн ихээр хүрч байна гэсэн үг. Хувь заяаны тохиолоор радиогийн
хөгжмийн редакцад Энхбазар ажилладаг байлаа. Бүх дууг бичдэг Хаянхярваа маань
байв. Энэ хоёр хүн манай хамтлагийн суурийг тавилцаж, бидний уран бүтээлийг
олон түмэнд хүргэхэд онцгой гавьяа байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Радиогоор
дамжаад манай хамтлагийн дуунууд улс, орны өнцөг булан бүрд хүрсэн байдаг
байлаа. Аялан тоглолтоор, урлагийн бригадаар яваагүй аймаг, сум гэж алга. Яваад
очиход бидний дууг бүгд мэддэг болчихсон байсан. Мэдээ, мэдээлэл авдаг, соёл
урлагаар хүмүүжүүлдэг хамгийн том хэрэгсэл нь радио байсан учраас бид азтай юм.
Барууны өндөр хөгжилтэй орнуудад пянз, цомгийн үйлдвэрлэлээр дамжин нэрд гардаг
байсан. Харин манайд радиогийн бичлэгээр нэрд гарч, монголчуудын танил болдог
байсан азтай хүмүүс юм.
-55 жилийн түүхтэй танай хамтлагийн гол үнэ цэн
юунд оршиж байна вэ?
-Бидний өнө удаан жил үргэлжилж буй түүх нөхөрлөл дээр гэвэл буруудахгүй байх. Арван жилийн ахлах ангийн сурагч байхаасаа нөхөрлөж, өдийг хүртэл нэгнийхээ жаргал, зовлон хуваалцан, хамтдаа уран бүтээлээ хийсээр явна. Энэ хугацаанд нэгнээсээ нүүр буруулсан тохиолдол алга. Б.Долгион маань саяхан “Амьдрал найз дээр тогтдог” гэдэг нэртэй дуу зохиосон. “Амьдрал хайр дээр тогтдог” гэж шүлэг, дуу бий. Тэгвэл “Амьдрал бас найз дээр тогтдог юм шүү” гэсэн санааг энэ тоглолтоороо дамжуулан илэрхийлэхийг хүсэж байна. Олон жилийн турш нөхөрлөлдөө, бас урлагтаа үнэнч яваа нь манай хамтлагийн гол үнэ цэн юм болов уу.