АРХАНГАЙ: Зүрх судасны болон харвалтын үед яаралтай тусламж үзүүлэх төвийг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-28 14:44:53

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судас, мэдээгүйжүүлэгч, дотрын мэс засал, яаралтай тусламж зэрэг чиглэлийн эмч нарын мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалт дадлага Польшийн Краков хот дахь Ян Павелын нэрэмжит эмнэлэг болон Лудвик Рыдыгерын нэрэмжит эмнэлэгт 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлжээ.

 

Энэ сургалт нь БНПУ-ын Малопольске муж, Монгол Улсын Архангай аймаг хооронд идэвхтэй өрнөж буй хамтын ажиллагааны хүрээнд болж байгаа юм.

 

Энэхүү хамтарсан төслийн хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт баруун бүсийн аймгуудийн зүрх судасны болон харвалтын үед яаралтай тусламж үзүүлэх төвийг байгуулж, цаг алдалгүй иргэдийн амь нас аврах орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах мэс заслын өрөөний стандартыг хангаснаар зүрх шилжүүлэн суулгах төвийн эрдэмтэн профессерууд төрөл бүрийн ажилбаруудыг хамтран хийхээр төлөвлөжээ.  

 

Одоогоор хамтарсан төслийн хүрээнд Польш Улсаас яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин бусад төнөг төхөөрөмж, мэс засал болон бусад үед хэрэглэх багаж хэрэгсэл, эмнэлгийн материалуудыг Архангай руу тээвэрлэхээр зэхжээ.

 

Алслагдсан аймгуудын ард иргэдийг цаг алдалгүй амь насыг аврах европын эмчилгээний арга барилуудыг эх орондоо нутагшуулах ажлын эхлэлийг ийнхүү тавиад байна.

Холбоотой мэдээ