Дээд сургуульд ороогүйдээ харамсдаггүй
МОНГОЛ ХЭМНЭЛ
Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Намайг С.Мөнх-Эрдэнэ гэдэг. Хувиараа бизнес эрхлэгч залуу. Эгэл жирийн малчин айлын охин. Аав ээждээ төвөг удахгүй гэж есдүгээр ангиасаа эхлэн төрөл бүрийн л ажил хийж үзжээ. Одоогийн өөрийгөө олох хүртлээ шүү дээ.
Өнөөдрийн 23 настай би дунд сургуулиа төгсөөд их, дээд сургуульд ороогүйдээ нэг их харамсдаггүй. Ур чадварыг заавал сургуульд сууж байж олж авдаггүй гэдгийг би ойлгосон. Өөрийн бодит туршлага, алдаж онож хийж үзсэн бүх зүйл маань надад боловсрол олгожээ гэж би боддог. Ганц юмыг л хамгийн сайн хийдэг байх нь жинхэнэ мэргэжил болдгийг мэдэрсэн.
Жаахан юм байж гэж бодох нэгэн байж магадгүй л дээ. Гэхдээ миний үзэж өнгөрүүлсэн бүхэн намайг "том хүн" болгосон юм...
17 настай, сургуулийн сурагч байсан үе бол ихэнхдээ мөнгөгүй явдаг үе шүү дээ. 2020 онд ковидын улмаас хөл хорио тогтож, хичээл орохгүй болоход гоо сайхны бараа, ялангуяа Хятадад алдартай брэндийг онлайнаар захиалсан.
Эхлээд ямар ч бизнесийн мэдлэггүй, ямар ч мөнгөгүй байсан болохоор хэчнээн сая төгрөгийн барааг яаж зарж дуусгаж, энэ их өрөөс гарна даа гэж үнэхээр эмээж байлаа. Шөнө нь унадаг дугуйгаар хүргэлт хийж, хүмүүст үзүүлж танилцуулж, цахим орчинд өөрөө маркетинг хийж эхэлсэн. 2021 онд 12 дугаар ангид орохдоо ашгаараа хоёр ширхэг тавиур хийлгэж, худалдааны төвд 8 м.кв талбай түрээсэлж жинхэнэ гарааны бизнесээ эхлүүлж билээ.
Хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр бизнес маань олонд танигдсаар байсан. Дунд сургуулиа 2022 онд төгсөнгүүтээ лангуугаа “QN сosmetics” салбар дэлгүүр болгон өргөжүүлж, дэлхийд болон дотоодод алдартай гоо сайхны болон эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн. Одоо бүх насныхны арьсны асуудлыг шийдэхэд өөрийн хэмжээнд зөвлөн тусалдаг болоод байгаа.
Мөн сумдад болон хөрш зэргэлдээ аймгууд руу бөөний худалдаагаар бараагаа нийлүүлж байна. Нүүр будаж, сургалт явуулах зэрэг үйлчилгээг ч нэмсэн бөгөөд орон нутгийн иргэдэд зориулан цаг үеийн хямдрал, урамшууллыг зарлаж, үйлчлүүлэгчдээ татсаар байна.
Ингэж өөрийн гэх нэг ч төгрөггүйгээр эхлүүлсэн бизнес маань 70-80 сая төгрөгийн эргэлттэй болж, 300 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болсон нь миний хувьд том амжилт юм. Байгаа бүхэндээ талархаж, өдий зэрэгт хүрсэндээ сэтгэл хангалуун байна.
С.Мөнх-Эрдэнэ, Хувиараа бизнес эрхлэгч