Гагнуураар амьдралаа бүтээж, зургаар мөрөөдлөө биелүүлнэ
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Намайг Эрдэнэ овогтой Уужимсэтгэлт гэдэг.
Есдүгээр анги төгсдөг жил аав маань “Гагнуурчны мэргэжил бүх салбарт эрэлттэй” хэмээн зөвлөсөн тул аавынхаа саналыг бодолцож, 2015-2018 онд Монгол, Солонгосын политехник коллежид сурч, гагнуурчин мэргэжлийг эзэмшсэн. Сургуулиа төгсөөд 2018-2019 онд ТЭЦ-IV болон Оюу толгой компанийн чадварлаг багш, инженер, гагнуурчдын мэдлэг, ур чадвараас өвлөж, 2019-2022 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллаж, мэдсэн сурснаа бусадтай хуваалцсан.
Одоо бол Эрдэнэс Таван Толгой ХК-ийн Засвар механикийн хэлтэст уул уурхайд ашиглаж буй хүнд даацын болон дунд оврын тээврийн хэрэгслийг засварлах гагнуурын ажилд гар бие оролцож явна. Эмэгтэй хүн гагнуурчин байна гэдэг олон давуу талтай. Хүнд зүйл өргөх, цохих, нүдэх зэрэг биеийн хүчний ажилд тэр бүр оролцож чаддаггүй ч нарийн мэдрэмж, нягт нямбай зан чанар бидний давуу тал юм билээ. Эхний үед хүмүүсийн гайхсан, эргэлзсэн тодорхойгүй нөхцөл байдалтай цөөн бус удаа тулгарч байсан ч өөрөө өөрийгөө зоригтойгоор батлан харуулж чадсанаараа тэдний эргэлзээг хүндлэл болгон өөрчилж чадсан гэж боддог.
Гагнуурчны ажил мэдээж
амаргүй. Гагнуур хийхэд агаарын хэм +30, -30 байх нь тийм ч чухал биш. Тухайн орчин
нөхцөлөөс үл хамааран нимгэн, зузаан, даралттай, даацын гээд өнгөт болон хар
төмөр гагнадаг. Энэ үед нүд өвдөх, түлэгдэх, утаанд хордох гээд олон талын эрсдэл
үүсдэг. Эдгээр эрсдэлийг тооцож ажилдаа тэвчээртэй, хариуцлагатай хандаад сурч
дээ.
Намайг хүмүүс гагнуурчнаар нь хүлээж аваад байдаг ч би бага байхын зураач, дизайнер болох мөрөөдөлтэй. Чөлөөт цагаараа зураг зурдаг маань одоо ч хэвээрээ. Ирээдүйд гагнуурчин эмэгтэй гэдэг имижээсээ өөр, уран бүтээлийн амжилтын түүхийг бүтээж, бусадтай сэтгэл хөдлөл, дотоод ертөнц, урам зориг, тайвшрал мэдрэмжээсээ хуваалцахыг хүсдэг.
Ер нь бол гагнуураар амьдралаа бүтээж, уран бүтээлээрээ мөрөөдлөө биелүүлэх хүсэл
тэмүүлэл миний зүрх сэтгэлд хадаатай яваа.