Б.Костадинова Хүндийн өргөлтийн ЕАШТ-ээс хүрэл медаль хүртэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БАТУМИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /BTA/. Гүрж улсын Батуми хотноо ням гарагт эхэлсэн Хүндийн өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээний (ЕАШТ) эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Болгарын тамирчин Бояна Костадинова хүрэл медаль хүртлээ.
Өдгөө 18 настай Б.Костадинова огцом өргөлтөөр 77 кг, түлхэлттэй өргөлтөөр 92 кг-ыг өргөснөөр нийлбэр дүнгээр 169 кг-ын амжилт үзүүлсэн байна. Тэрбээр мөн огцом өргөлтийн төрөлд хүрэл медалийн болзол хангажээ.
Тус жинд Италийн тамирчин Жулиа Империо нийлбэр дүнгээр 176 кг (78+98) өргөсөн амжилтаар Европын аварга болсон бол Украины Катерина Малащук 172 кг-аар (77+95) мөнгөн медаль хүртэв. Костадинова огцом өргөлтийн төрөлд 77 кг-ыг өрсөлдөгчөөсөө түрүүлж өргөсөн бөгөөд хоёр тамирчин дараагийн оролтоор 79 кг-ыг захиалсан ч амжилтгүй болсон байна.
Түлхэлттэй өргөлтийн төрөлд Болгарын тамирчин эхний өргөлтөөр 92 кг-ыг төвөггүй өргөсөн ч дараагийн 95 болон 96 кг-ын захиалгаа гүйцэтгэж чадаагүй байна.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Болгарын тамирчид оролцоогүй бөгөөд тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. Өнөөдөр Болгарын дөрвөн тамирчин эрэгтэйчүүдийн хоёр жинд хүч үзэх юм. Тодруулбал, 60 кг-ын жинд Ангел Русев, Дениз Данев нар өрсөлдөх бол 65 кг-ын жинд Иван Димов, Здравко Пеловски нар медалийн төлөө өрсөлдөнө.
Хүндийн өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-нд өндөрлөнө.