Салбартаа түүчээлэгч “Бэст буйдан” компани
МОНГОЛ БРЭНД
Үйлдвэрлэлдээ шинэ техник технологийг үе шаттайгаар нэвтрүүлсээр ирсэн Монголын үндэсний манлай үйлдвэрлэгч “Бэст буйдан” компанийг бид энэ удаагийн “Монгол брэнд” буландаа онцолж байна. 2003 онд дөрөвхөн хүний бүрэлдэхүүнтэй тавилга, буйдангийн засвар үйлчилгээний цехээс ажлын гараагаа эхэлж байсан тус компани өдгөө 3000 гаруй ам дөрвөлжин метр талбай бүхий үйлдвэртэй, 300 гаруй ажилчидтай үндэсний томоохон үйлдвэрлэгч болтлоо өсөн дэвжжээ.
“Бэст буйдан” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш Монгол Улсад импортыг орлох үтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд эзлэх байр сууриа алхам алхмаар тэлсээр ирсэн юм. Өнөөдрийн байдлаар тус компани буйдан болон тавилга үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлтэйгээр өөрсдийн бүтээгэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд тасралтгүй, найдвартай хүргэж байна.
Тэд Улаанбаатар хот дахь гурван салбар, хөдөө орон нутаг дахь долоон гэрээт борлуулагчаараа дамжуулан жилд 15000 буйдан, 2000 гаруй тавилгыг эх орондоо борлуулдаг аж. Мөн өнгөрөгч онд тэд хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд тулгуурлан 50 гаруй төрлийн бүтээгдэхүүнээс 200 гаруй материал, өнгөний сонголттойгоор буйдан захиалан авах “Буйдан захиалгын үйлчилгээ”-г нэвтрүүлжээ. Энэхүү үйлчилгээ нь Монгол улсдаа анхдагч төдийгүй хэрэглэгчдийн сонголтыг баталгаажуулсан томоохон ажил болсон юм.
Мөн бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд Хятад улсын “Хэбэй Чан Ань хуванцар”, “Хун Янь арьс”, “Оү Нүо Яа нэхмэл”, Оросын “Винилтекс”, “Люмитекс” компаниудтай түншлэн ажиллаж байна. Тус компани 2016 оны байдлаар жилдээ 700 сая төгрөгийн татвар төлдөг үндэсний томоохон үйлдвэрлэгч болон өсч хөгжжээ. Монгол орны өнцөг булан бүрт өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр хүргэх зорилгоор “Буйданжуулах аян” төсөл, хөтөлбөрийг анхлан санаачилж 2013 оноос эхлэн гурван жилийн хугацаанд улсынхаа нийт 21 аймагт хүрч үйлчилсэн байна.
Өндөр технологи дээр суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь Монголын хөгжлийн гарц гэдгийг бид дор бүрнээ ярьж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн ч хөрсөн дээр буусан дорвитой ажил ховор. Харин “Бэст буйдан” компанийг үүсгэн байгуулагч Ү.Батбаяр захирал мод төмөр эвлүүлэн өөрийнхөө бодож санаачилсан загвараар буйдан хийхээр оролдож, анхны бүтээлээ ар нуруун дээрээ үүрэн явж зах дээр борлуулж хөдөлмөрийн амтыг мэдэрсэн нэгэн. Тэрээр бэрхшээлийг бэлэг болгон хүлээн авч хэвшсэн сэтгэлийн тэнхээгээр өнөөдрийнхөө амжилтыг өөрийн гараар тарьж чадсан юм. Тиймээс ч нийгмийн хариуцлагаа асар сайн ухамсарлаж хийж бүтээж буй бүхэндээ сэтгэл зүтгэлээ шингээдэг хөдөлмөрийн сахилга бат сайтай үнэнч хамт олныг хэдийнэ бүрдүүлж амжжээ. “Үргэлж шилдэг нь байцгаая” хэмээх уриатай “Бэст буйдан” компаний хамт олон өөрийн цахим хуудсаар дамжуулж “Биднийг ажилтай орлоготой байлгаж байгаа Монгол хүн таньд баярлалаа” хэмээн хэрэглэгчиддээ талархал илэрхийлсэн нь тэдний бизнесийн эерэг хандлагыг олон нийтэд тунхагласан содон мэндчилгээ байсан юм. Худалдан авагчиддаа талархаж хэрэглэгчдийнхээ үнэ цэнийг ухамсарлаж чаддаг байх нь компаний бизнесийн хариуцлага билээ.
Салбартаа түүчээ нь байхыг зорьдог тус компаний Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алба монгол хүний бие, сэтгэлгээний онцлог, анатомийн бүтцийг нарийвчлан судалсны үндсэн дээр бүтээгдэхүүнийхээ загвар шийдлийг гаргаж өнгө, материалаа сонгодог гэнэ. Тухайлбал, европ стандартын буйдангууд ихэвчлэн живж орсон зөөлөн материалтай байдаг бол нүүдэлчин ахуйд дасаж хожим хотожсон монголчууд нягт хатуу, эдэлгээ сайтай атлаа зөөлөн гадартай буйданд илүү таатай ханддаг байна. Түүнчлэн, монголчуудын дунд нурууны өвчлөл нийтлэг байдаг тул буйдангийн ар талын түшлэгийг аль болох зөөлөн, тухайн хүний биед зохимжтой хэлбэрээр тохируулах автомат төхөөрөмжүүдийг суулгаж өгдөг ажээ. Чанарыг онцгойлон анхаардаг “Бэст буйдан”-гийнхан мөн монголчуудынхаа хэрэглээний онцлогт таацуулан буйдангийнхаа гадар өнгийг салгаж авч угааж цэвэрлэж болдог байдлаар хийдэг нь хэрэглэгчдийн таашаалыг ихээхэн хүлээж байгаа юм.
Нийт хүн амынх нь 60 гаруй хувийг хүүхэд залуус эзэлдэг Монгол улсад зочны өрөөний буйдан хүүхдийн
тоглоомын талбар, залуусын үзвэрийн суудал болох нь нийтлэг. Тиймээс зөөлөвч эд болон өнгөлгөөний материал, модон бэлдцүүдийг аль болох бат бөх, удаан эдэлгээтэй байлгах талаас нь анхаарч чанартай материалаар үйлдвэрлэдэг гэхчилэн “Бэст буйдан”-гийн давуу талуудыг дурдвал олон. Өнөө цагт хүний хүсэл сонирхол маш олон талтай болсон. Тиймээс нэг хэв маягаараа дагнах биш ямагт шинийг эрэлхийлэн, дэлхийд трэнд болж байгаа чиг хандлагыг хэрхэн нутагшуулах вэ гэдгийг судалж суудаг гэнэ билээ, “Бэст буйдан”-гийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны залуус. Одоогийн байдлаар тэд 60 орчим төрлийн буйданг 200 гаруй төрлийн материалаар үйлдвэрлэдэг гэсэн. Мөн арьсан буйдан, автомат ажиллагаатай шинэ загварууд гээд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өдрөөс өдөрт нэмж баяжуулсаар байгаа юм билээ. Компаний захирал Ү.Батбаяр зурагтаар кино үзэж суухдаа хүртэл буйданг нь хардаг болчихсон гээд инээж байсан.
2004 он. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, буйдангийн засвар үйлчилгээний цехээс эхлэхдээ Монгол улсын буйдан үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн эхийг тавьж, технологийг судлав.
2009 он. 27 хүний бүрэлдэхүүнтэй, үйлчилгээний зориулалттай буйдан үйлдвэрлэж, чанарыг баталгаажуулав.
2011 он. 45 хүний бүрэлдэхүүнтэй, Монгол хүний хэрэгцээнд зориулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэв.
2013 он. Хүний нөөцөө чадавхижуулж 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж, арьсан буйдан үйлдвэрлэн монгол брэндийг тунхаглав.
2016 он. Инновацийг нэвтрүүлж технологийг шинэчлэв.
2017 он. Хүний нөөцийн хөгжлийг чухалчилсан, бизнесийн салбараа өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Харин энэхүү “товчхон” замнал бүхий амжилтын гараа хичнээн хүний сэтгэл зүтгэл, хөлсний халуун бүлээн дуслаар бичигдсэн нь өөр түүх. Юутай ч Монголын үндэсний үйлдвэрлэл хэмээх “Гал тогооны өрөө” буйдан хийгээд түүний дагалдах тавилга сэлтээр баяжиж, “Бэст буйдан” хэмээх нэгэн монгол брэнд төржээ. Амжилт гэдэг ердөө л бүтэлгүйтсэн тооноосоо нэг дахин илүү оролдож үзэхийг хэлдэг гэнэ билээ. Зам хүнийг өргөсгөдөггүй, хүн л замыг өргөсгөдөг гэх үг ч бий. “Бэст буйдан” компаний алсын хараа, цаашдын бизнесийн өргөжилт, зах зээлийн тэлэлт аль хүрэхийг хэлэхэд одоогоор эрт байна. Ямартай ч монголчуудын Монголдоо үйлдвэрлэсэн буйдан монголчуудад таалагдаж, дотоодын зах зээлийн 50 илүү хувийг хангажээ. Олон улсын хэллэг болох “лайк” буюу эрхий хурууг хэрэглэгчид нь тэдний зүгт харуулж байна.
Б.Занданхүү