БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор цол хүртээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад өчигдөр тус сургуулийн Хүндэт профессор цол хүртээв.
Тэрээр 1986-1992 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетэд сурч буй бөгөөд өдгөө тус сургууль нь Эрхүүгийн УИС-ийн бүрэлдэхүүн сургууль болжээ. Тиймээс тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр түүний боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндрөөр өргөж явааг ийнхүү үнэлэв.
Тус сургуулийн ректор И.В.Бычков цол, шагнал гардуулах үеэр хэлэхдээ, “Манай сургууль, манай хотод сурч төгссөн олон монгол оюутнуудаар бид бахархаж явдаг. Тэр бахархлын нэг нь өдгөө Монгол Улсын 4 том салбарыг хариуцан ажиллаж буй, манай сургуулийн Түүхийн факультетийн төгсөгч Ц.Цогзалмааг "Хүндэт профессор" цолоор бахархалтайгаар шагналаа. Таныг өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархаж байна. Цаашдын ажилд тан улам их амжилтыг хүсье” гээд түүнд оюутны сурлагын дүнгийн дэвтрийг нь мөн дурсгал болгон өгсөн.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Энэхүү нэр хүндтэй цол зөвхөн намайг үнэлсэн цол биш Эрхүүд сургууль төгссөн, улс эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа үе үеийн монгол оюутнуудад олгож буй шагнал, хүндэтгэл юм. Бидэнд эхийн сэтгэлээр хандаж байсан багш нар, элэгсэг дотно хүлээн авсан Эрхүү хот, Оросын ард түмэнд бид чин сэтгэлээсээ талархлаа” гэв.
Эрхүү хотын Амбан захирагч Д.В.Бердников БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзах үеэрээ Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд талархаж буйгаа илэрхийлж байсан.
Тэрбээр, “Эрхүү-Монголын харилцаа анх 1926 онд 26 монгол оюутан Эрхүүд суралцахаар ирсэн цагаас эхлэлтэй. Энд сурч төгссөн монгол оюутнуудын дундаас Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, академич Б.Ширэндэв, Ерөнхий сайд асан П.Жасрай тэргүүтэй монголын үе үеийн сэхээтнүүд төрөн гарсанд бид бахархаж явдаг” гээд цаашид энэ харилцаагаа үргэлжлүүлэн тэлэх сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн.