ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-03-25 13:11:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтад гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн 272 төгсөгч бүртгүүлжээ. Үүний 261 нь энэ оны төгсөгч, 11 нь өмнөх оны төгсөгч байна.


Энэ оны төгсөгчид анги удирдсан багш, Сургалтын менежерээрээ дамжуулж бүртгүүлж байгаа бол өмнөх оны төгсөгчид онлайнаар бүртгэлээ хийлгэж байгаа хэмээн Говь-Алтай аймгийн БСУГ-ын Статистик хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхжаргал мэдээлэв.

Түүнчлэн ЭЕШ-ын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 15-ны 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг анхаарууллаа.


Энэ хичээлийн жилд тус аймгийн ерөнхий боловсролын 28 сургуулийг нийт 641 сурагч төгсөх бол үүнээс 595 нь өдрөөр, 46 нь дүйцсэн хөтөлбөрөөр 12 дугаар анги төгсөж байна.


Холбоотой мэдээ