Бүх төрлийн автомашины суудлын бүрээсийг орон нутагт үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-20 11:46:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Оёдолчин Б.Болор-Эрдэнэ орон нутагтаа бүх төрлийн автомашины суудлын бүрээсийг үйлдвэрлэж байна. Тэрээр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-т хамрагдаж 10 сая төгрөгийн дэмжлэгийг авч, энэхүү ажлаа эхлүүлжээ. Ингэснээр мөн нэг хүнийг тогтмол ажлын байраар хангах болжээ.

Би оёдолчин мэргэжлээр орон нутагтаа 10 гаруй жил ажиллаж байна. Ажлын, үндэсний, хүүхдийн гээд бүх төрлийн хувцсыг захиалгаар оёдог. Гэвч сүүлийн жилүүдэд орон нутагт оёдолчид олширч, орлого тодорхой хэмжээгээр буурсантай холбоотойгоор бусдаас арай өөр зүйл хийе гэж шийдэн автомашины суудлын бүрээс оёж эхэлсэн. Материалын сонголтоо нэмэгдүүлж, үйлчилгээгээ сайжруулах үүднээс төсөл хөтөлбөрт хамрагдаж, хөнгөлөлттэй зээл авснаар ажлаа тасралтгүй үргэлжүүлэх боломжтой болсон. Иргэд ч заавал Улаанбаатар хот руу явж цаг алдалгүйгээр орон нутагтаа захиалгаа өгөөд богино хугацаанд бүрээсээ авч байгаадаа их талархалтай байдаг. Нөхөртөө, найздаа төрсөн өдрийн бэлгэнд манайхаар бүрээс захиалж оёулдаг болсон. Хамгийн гол нь хүнд юм хийж өгөхдөө сэтгэлд нь хүртэл хийхийг эрмэлздэг. Нөгөө талаар ямар нэг юм боллоо гэхэд буух эзэнтэй, буцах хаягтай байна гэдэг хэн хэндээ амар. Үүнийг ч иргэд сүүлийн үед их ойлгодог болсон гэж Б.Болор-Эрдэнэ ярилаа. 

Холбоотой мэдээ