ОРХОН: Эргэлтийн шинэ усан санг ашиглалтад оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баяжуулах үйлдвэрийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор эргэлтийн ус нөөцлөх 10000 м.куб багтаамжтай 3-р усан санг шинээр барьж, ашиглалтад орууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн жилд боловсруулах хүдрийн хэмжээ 40 сая тоннд хүрэхэд эргэлтийн усны зарцуулалт хоногт 260-280 мянган м.куб болж өсжээ.
Баяжуулах үйлдвэрийг ийм хэмжээний эргэлтийн усаар тасралтгүй хангахын тулд 10000 м.куб багтаамжтай шинэ усан санг барьсан байна. Энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийн ажлыг “Хайдродизайн прожект” ХХК, барилгын ажлыг “Бридж констракшн” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө.
2015 онд барьсан эргэлтийн 1, 2-р усан сангийн хийцлэл нь геомембран бөгөөд Монголын хатуу ширүүн уур амьсгалд тохирохгүй, их эвдрэл, зардал гардаг байжээ. Харин энэ удаа эргэлтийн усан санг төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар Баяжуулах үйлдвэрийг эргэлтийн усаар хангах найдварт ажиллагаа сайжирсан байна.
Шинэ усан санд одоогийн байдлаар 4.6 метрийн өндөр түвшинд, 8400 м.куб ус хуримтлагдаад байна. Газар шороо, барилгын ажил нь бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилсэн төмөр бетон усан сангийн ашиглалтын хугацаа 30 жилээс багагүй байхыг мэргэжилтнүүд дүгнэжээ.