ОРХОН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг шинээр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт шинээр барихаар төлөвлөжээ.
Аймаг, орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн ч тэднийг эмчлэх, сэргээн засах үйлчилгээг цогцоор нь үзүүлэх төв олон жилийн турш дутагдалтай байсаар ирсэн. Иймээс зайлшгүй хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэ онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийг барих тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг аймгийн Худалдан авах ажиллагааны газар гүйцэтгэж байна.
Тус хөгжлийн төвийн нийт төсөвт өртөг 8.5 тэрбум төгрөг бөгөөд 2026 онд 4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргах бөгөөд тус тендер шалгаруулалтад Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан “Тотал-Идеал” ХХК 8.2 тэрбум төгрөг, “Клаймакс-Интернэшнл” ХХК 7.8 тэрбум төгрөгийн үнийн саналтай оролцож, тендерийг нээж, хянан үзэх болон үнэлэх шатанд явж байна.
Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4800 гаруй иргэн байдгаас 500 орчим нь хүүхэд байна.