Төвийн бүсийн “Чадварлаг сувилагч” тэмцээнд Орхон аймгийн сувилагчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-21 12:04:29

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. “Чадварлаг сувилагч” төвийн бүсийн сувилагчдын чуулганыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.


Тус чуулганд Монголын сувилагчдын нийгэмлэг, олон улсын Улаанбаатар их сургуулийн Сувилахуйн сургууль, ОХУ-ын Буриад Улсын “Байкальский базовый медицинский коллеж” зэрэг байгууллагын төлөөлөл болон төвийн бүсийн сувилахуйн мэргэжилтнүүд оролцлоо.


Чуулганы үеэр сувилагчийн зөөлөн ур чадвар, ёс зүй, хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн нийгэмлэгийн үйл ажиллагаа, орчин үеийн чиг хандлага, мэргэжилтэн бэлтгэх арга зүй зэрэг сэдвээр илтгэлүүд хэлэлцэж, оролцогчид харилцан туршлага солилцлоо. Мөн төвийн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагчдын дунд мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөх ур чадварын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд Орхон аймаг нэгдүгээр байр, Хөвсгөл аймаг хоёрдугаар байр, Сэлэнгэ аймаг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.


Мэргэжлийн ур чадварын тэмцээнд Орхон аймгийг төлөөлөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдварт, сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч Б.Анхцэцэг, Хавдар, хөнгөвчлөхийн тасгийн ахлах сувилагч Б.Батдулам, Хүүхдийн тасгийн сувилагч Г.Сайнзаяа, Яаралтай тусламжийн тасгийн сувилагч М.Цэрэннадмид, Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Мөнхтуяа нар амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарсан байна.

 

Мөн тэмцээнд оролцоход бүх талаар дэмжлэг үзүүлсэн Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Жаргалант сумын Эрүүл мэндийн төв болон бусад эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд оролцогчид талархал илэрхийллээ.






Холбоотой мэдээ