Чех улстай "Агаарын харилцааг хөгжүүлэх хэлэлцээр" байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-25 17:56:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ивана Гроллова нар өнөөдөр "Агаарын харилцааны тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны хооронд шууд болон захиалгат нислэг үйлдэх зэргээр агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн Монголоос Европын орнууд руу шинээр нислэг нээхэд БНЧУ-ыг завсрын цэг болгон ашиглах боломжтой гэдгийг ЗТХЯ-наас мэдээлэв.

Монгол Улс, БНЧУ-ын тээврийн хамтын ажиллагаа нь хоёр орын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг ЗТХ-ын сайд Д.Ганбат онцлоод, тус улстай Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгааг дурдав.

Ингэснээр Монгол, Чех хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ