“Geomine-2024”-аар ногоон технологийн судалгааг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2024-10-09 15:26:05

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9. /МОНЦАМЭ/. Уул уурхайн сургалт, судалгааны “Geomine-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис” зочид буудалд өнөөдөр боллоо.


ШУТИС болон БНХАУ-ын Уханийн технологийн их сургууль хамтран зохион байгуулж буй олон улсын уг эрдэм шинжилгээний бага хуралд АНУ, Герман, Чех, Австрали, Казахстан, БНСУ, Япон, БНХАУ зэрэг 14 орны 200 гаруй геологи, уул уурхайн салбарт сургалт, судалгаа явуулдаг судлаач, эрдэмтдийн төлөөлөл, инжежер, техникийн мэргэжилтнүүд оролцов.


Монголд анх удаа зохион байгуулж буй “Geomine-2024” олон улсын хурал хариуцлагатай, тогтвортой, ногоон технологид чиглэсэн эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэлхий нийтээр хамтарч оролцьё уриан дор боллоо. Энэ талаар хурлыг зохион байгуулагч ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Сургалт, чанарын албаны дарга Г.Өлзийсайханаас тодруулбал,

-Өнөөдрийн “Geomine-2024” хурал нь манай улсад зохион байгуулж буй геологи, уул уурхай, газрын тос, геодезийн салбарын эрдэмтэн, судлаачдыг нэгтгэсэн олон улсын эрдэм шинжилгээний хурал гэдгээрээ онцлог юм. Дэлхийн 80 гаруй эрдэмтэн, судлаач илтгэл тавьж, харилцан туршлага солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ. Манай сургуультай хамтран ажилладаг Японы Акитагийн их сургууль, ХБНГУ-ын Фрайбергийн ТИС, Уул уурхайн академи, БНСУ-ын Кореа их сургууль, БНХАУ-ын Уханийн Технологийн их сургуулиудын профессор багш нар тэргүүлэх үүрэгтэй оролцож байна гэв.


Хурлын үеэр эрдэс баялгийн салбарын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, ирээдүйн шилдэг боловсон хүчин, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх чиглэлд байнга хамтран ажилладаг манай улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулав. 


“Geomine-2024” олон улсын хурлаар орон орны эрдэмтэн, судлаач нар ногоон технологийн судалгааг танилцуулсан юм. Манай улсаас уул уурхайн салбарт ногоон технологи хэрэгжүүлж буй зарим жишээ, мөн ШУТИС-ийн оюутнууд Герман улсад эрдэс баялгийн ашиглалтын ногоон технологид суралцаж байгааг дурдлаа.


Манай улсад геологийн тогтоц, түүний газар нутгийн зохион байгуулалт, төлөвлөлтийн талаар, тодруулбал, бэлчээр нутгийг эрдэс баялгийн ашиглалттай хэрхэн оновчтой зохицуулах талаар нарийвчилсан олон судалгааг хийж ирсэн.

Одоо харин гол нь тэдгээр судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрхэн зөв зохион байгуулж хэрэгжүүлэх асуудал бий. Үүнийг өнөөдрийн хурлаар талаар хэлэлцэж буйг ШУТИС-ийн ректор Т.Намнан тодотгов.



 

 

Related news