Бангкок хотод амьдарч буй монгол иргэдээ сэрэмжлүүлэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:33:20

Тайланд улсын нийслэл Бангкок хотын төв “Эраван” шүтээний дэргэд энэ сарын 17-ны 19 цагийн орчим дэлбэрсэн тэсрэх бөмбөгний улмаас 18 хүн амиа алдаж, 117 хүн шархдаад байна. Энэхүү халдлагад гадаадын 4 иргэн өртсөн бөгөөд тэдгээр нь БНХАУ, Филиппин болон Тайванийн иргэд байсныг Тайландын цагдаагийн газраас мэдээлэв.

Мөн цагдаагийн газрын мэдээлж буйгаар тэсэрсэн бөмбөгийг шүтээн байралдаг хашааны дэргэд Ратчапрасонг 4 замын уулзвар дээр байрлуулсан байсан бөгөөд түүнээс гадна хоёр тэсрэх бөмбөгийг илрүүлж аюулгүй болгожээ. Эдгээр тэсрэх зүйлс нь 40 метр радуис дотор бүх зүйлийг устгах чадалтай байсан ажээ. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү халдлагыг зориуд ажил тарах үеэр гадаадын жуулчид олноор цугладаг гудамжинд зохион байгуулсан нь Тайландын эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг онилж, бусниулах гэсэн үйлдэл хэмээн үзэж байгаа юм байна. 

Тайландын Ерөнхий сайд Прают Чан-о-ча ард иргэдийг тайван байхыг уриалж, уг ажиллагааг зохион байгуулсан этгээдүүдийг яаралтай олж илрүүлэхийг өөрийн орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд генерал Правит Вонгсувонд үүрэг болгожээ.

Одоогоор уг дэлбэрэлтэд манай иргэдээс өртсөн тухай албан ёсны мэдээ байхгүй байна. Шархадсан иргэдийг 14 эмнэлэгт байрлуулсан бөгөөд зарим нь ухаан ороогүй байгаа тул тэдний хэн болохыг хараахан тогтоогоогүй байна. ЭСЯ-наас цагдаагийн газар руу цаг тутам утсаар холбогдож мэдээлэл авч байна.

Түүнээс гадна, Бангкок хотноо ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгийг цахим шуудангаар хүргүүлсэн болно хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд