70 жилийн ой угтсан сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-10 11:38:48

Ховд аймгийн Биеийн тамир спортын газрын түүхт 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Биеийн тамир спортын газар, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан 2017 оны Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн” энэ дүгээр сарын 06-08 ны өдрүүдэд  аймгийн Спорт цогцолборт болж өндөрлөлөө.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Биеийн тамир спортын газрын Бодлого төлөвлөлтийн албаны дарга Ч.Сүхбаатар, Биеийн тамир спортын газрын дасгалжуулалтын албаны дарга, ахлах дасгалжуулагч Волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Ч.Түмэндэмбэрэл,  нар оролцож тамирчиддаа спортын  амжилт  хүслээ.
Шинэ  оны эхний  Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24 баг, эмэгтэй 7 баг нийт 31 багийн 300 гаруй тамирчид  оролцов.
Гурван  өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Эрэгтэй 24 багаас Ардчилсан залуучуудын холбооны баг тамирчид 1-р байранд,  "Цэцэг" төвийн баг тамирчид  2-р байранд,  "Дарви өргөө" -ийн баг тамирчид   3-р байранд тус тус шалгарлаа.
Эмэгтэй баг тамирчдаас Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны баг  тамирчид 1-р байранд, Жаргалант сумын 12 жилийн 7-р сургуулийн баг тамирчид  2-р байранд, "Цэцэг" төвийн баг тамирчид 3-р байранд тус тус шалгарсан байна. 
Энэ үеэр мөн  шилдэг тамирчдыг шалгаруулж, эрэгтэй тамирчнаар "Цэцэг" төвийн тамирчин н.Батболд, шилдэг эмэгтэй тамирчнаар 12 жилийн 6-р сургуулийн тамирчин н.Солонго нар шалгарчээ.
Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн” ирэх 9-р сард тэмдэглэх Ховд аймгийн Биеийн тамир спортын газрын түүхт 70 жилийн ой угтсан ажлын нэг бөгөөд тус газрын хамт олон олон ажил зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

А.Бямбасүрэн
 

Related news