Бөхөн мялзангаар өвчилж, хорогдол нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-10 11:42:51

ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ховд аймгийн төв дэх ажилтнууд, Говь-Алтай, Ховд аймгийн БОАЖГ, Хүнс Хөдөө Аж Ахуйн газар, Мэргэжлийн хяналтын байцаагч, сумдын бөхөн хамгаалагчид хамтран ажлын хэсэг байгуулж, бөхөнгийн тархац нутгуудад хяналт хийжээ. Ажлын хэсэг бөхөнгийн нутгаар шалгалтаар ажиллаж, бөхөнгийн  хорогдлын тоо 360-д хүрснийг тогтоожээ. Үхсэн бөхөнгийн сэг, зэмээс дээж аван төв лабораторид шинжлүүлэхэд мялзан өвчний вирус илэрсэн байна.

Ховд аймгийн Чандмань сумын Улаан үзүүр, Цахир, Дөргөн сумын Гашууны хоолой, Дарви сумын Баянцагаан, Тунгалагийн ус, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Шар бөөрөг, Таван хайрханы тал, Дарви сумын Хүйсийн говь зэрэг нутгуудад бөхөнгийн хорогдол нэмэгдэж байгаа аж.

Иймээс Хар ус нуурын тусгай хамгаалалтай газар нутгийн захиргаа, Байгаль орчны газар сум багийн иргэдийг оролцуулан сэг зэмийг устгах, тухайн газрыг ариутгах, бөхөнгийн тархалт нутгуудыг тогтоох арга хэмжээ авч байна. Гэсэн хэдий ч хорогдол нэмэгдсээр байгаа тул нөхцөл байдлыг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцэхээр болоод байна.

Дэлхийд нэн ховор амьтанд тооцогддог монгол бөхөн Монгол Улсын Говь-Алтай, Ховд аймгийн зургаан сумын нутагт маш цөөн тоогоор нутагладаг юм.

А.Бямбасүрэн

Related news