Элчин сайд Т.Лхагвадорж Сингапурын Техникийн боловсролын дээд сургуулийн гүйцэтгэх захиралтай уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-05-07 11:21:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Сингапур Улсын Техникийн боловсролын дээд сургууль (ITE)-ийн гүйцэтгэх захирал Брюс По Геок Хуаттай энэ сарын 6-нд уулзав.


Уулзалтын үеэр тэрбээр тус сургуулийн ажилтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сингапур Улсын Техникийн боловсролын дээд сургууль /Institute of Technical Education – ITE/  нь үйлчилгээ, техник, технологи, барилга, дизайн зэрэг 25 салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг байна. 1992 оны 4 дүгээр сард Сингапурын Мэргэжлийн Үйлдвэрлэлийн Сургалтын Зөвлөлийн чиг үүргийг шилжүүлэх зорилгоор тус улсын Боловсролын Яамны харьяа дунд сургуулийн дараах байгууллага болж байгуулагдсан бөгөөд бүс нутагтаа дээгүүр эгнээнд орох техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй төрийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль юм.


Тус сургууль нь орчин үеийн гурван коллежид  эрүүл мэндийн шинжлэх ухаан, бизнес ба үйлчилгээ, дизайн ба медиа, цахилгаан хэрэгсэл ба инфокомм технологи, инженеринг ба зочид буудлын үйлчилгээ зэрэг 100 гаруй мэргэжлийн ур чадвар олгодог байна. Тус сургууль нь дэлхийн хэмжээнд нэр хүнд бүхий байгууллагуудтай өргөн хүрээтэй түншилдэг ба 14 орны 40 гаруй түнш байгууллагатай хамтран ажиллаж байна. Ингэснээр эдгээр байгууллагын шилдэг туршлагыг хуваалцах, суралцахаас гадна оюутнуудын сурах боломжийг өргөжүүлж, ажилчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлдэг аж. Түүнчлэн, тус сургууль нь Ази, Африк, Латин Америк, Ойрх Дорнодын 27 оронд зөвлөх, сургалтын үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ хүрээнд нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалтын хүрээнд Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ