Цахим эрүүл мэнд, сумдын интернэт хурдыг сайжруулахад хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-25 11:09:24

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлэх улс орны хөтөлбөр /2023-2027/-ийн 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан гарын үсэг зурж баталгаажуулав.


Энэ үеэр Ц.Баатархүү сайд Монголын орон нутгийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн төлөө зүтгэж, хамтран ажиллаж буйд НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийллээ.


НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Монгол Улс “Цахим Үндэстэн” болохыг зорьж, хүүхдүүдэд багааас нь цахим ур чадвар олгох нь ирээдүйн дижитал иргэнийг бэлдэхэд чухал хувь нэмэртэй. Иймд бид энэ чиглэлийн төсөл хөтөлбөрийг дэмжиж байна. Түүнчлэн Олон улсын цахилгаан холбооны байгуулагатай хамтран “GiGa” санаачилгын хүрээнд ЕБС-ийн интернэт холболтыг хэмжих, нэгдсэн dashboard дээр харах төслийг хэрэгжүүлж байна. Одоогоор 58 сургуулийн интернэт холболтыг шийдэх шаардлагатайг онцолжээ. Тэрбээр, НҮБ-ын Хүүхдийн сан нь ЦХИХХЯ, ЭМЯ хамтран “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлж, E-Mongolia системд эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулж, нэгтгэсэн. Монгол Улсын “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын дүн шинжилгээг хийсэн нь эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн бодлогод хувь нэмэр оруулна гэж итгэж байна. ЦХИХХЯ, ЭМЯ-ны хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайн жишиг болгохыг зорьж байна” хэмээв.


ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Монгол Улсын эрүүл мэндийн цахимжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, И-Монгол палтформд орсон эрүүл мэндийн салбартай холбоотой үйлчилгээний талаар УИХ, Засгийн газрын гишүүд танилцаж, сайшаасан. Цаашид “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, GiGa-тай хамтран Монгол орны сумдын интернэтийн хүчин чадлыг нэмэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг тус яам мэдээлжээ. 

Холбоотой мэдээ