“ITM-Монголиа-2024” үзэсгэлэн зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-25 11:56:26

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “ITM-Монголиа-2024” үзэсгэлэнг “Үндэсний соёл, аялал жуулчлал, технологийн хөгжил” уриан дор Мишээл экспо төвд энэ сарын 25-27-нд зохион байгуулна.


Үзэсгэлэнд 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын гэх мэт 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.


Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх зорилготой тус үзэсгэлэнд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, БНТУ, БНХАУ, БНСУ -ын аялал жуулчлалын байгууллагууд ч оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилна. Энэ үеэр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн чөлөөт уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, өнөөдөр 14.00-17.00 цагт шинэ мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга “Tourism time” үйл ажиллагаа зохион байгуулна.



Үзэсгэлэн нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн түншлэл, харилцаа холбоог өргөжүүлэх, зочлох үйлчилгээ, зорин очих аймгуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, маркетинг, чадавхыг дээшлүүлэх, технологийн дэвшилтийг нэвтрүүлэх, салбарын бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлж өрсөлдөх чадварыг нэмэх ач холбогдолтойг АЖХ мэдээлэв.


Аялал жуулчлалын энэ удаагийн үзэсгэлэн нь албан ёсны веб сайттай болсноороо онцлог юм. Ингэснээр олон улсад гарах үнэлэмжийг нэмж, технологийн дэмжлэгтэй тайлбай борлуулах, бүртгэлжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Тухайлбал, Эрксис ХХК-тай урт хугацааны хамтын ажиллагааг бий болгон "Itinerary Builder", "Property Management System", "Website Builder", "Reservation and POS Management System" зэргийг салбарын бизнес эрхлэгчдэд санал болгон, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэх, бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг өсгөх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих ач холбогдолтой аж.


Манай улс энэ сарын 10-ны байдлаар 704 992 жуулчин хүлээн аваад байгаа билээ. 



Холбоотой мэдээ