Х.Хадхүү: Үзэгчдийн сонирхлыг татсан шаазан бүтээл 1.5-3.5 сая төгрөгийн үнэтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2019-01-16 15:44:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол шаазан урлалын мастер Х.Хадхүүгийн "Хийморь" үзэсгэлэн энэ сарын 15-25-нд Үндэсний түүхийн музейд гарч байгаа билээ. Тэрбээр 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн керамикийн ангийг төгссөнөөс хойш өдгөөг хүртэл шаазан урлалыг Монголд дэлгэрүүлж яваа уран бүтээлч юм.

Үйлдвэрлэлийн дамжлагаар бус цөөн тоогоор гар аргаар урладаг, нарийн ур хийц, өнгө будаг бүхий түүний бүтээлүүдийг Монголын орчин үеийн шаазан урлалыг сонирхогчид өндөр үнэлдэг. Бүтээлүүдийнх нь талаар түүнтэй хэдэн хором ярилцлаа.

-Та хэзээнээс шаазан урлалыг сонирхох болов. Нийт хэчнээн бүтээл урласан бэ?

-Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсөөд, 1993 онд коллеж болоход нь ваар урлалын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. 2015 онд Өндөр гэгээн Занабазарын хийцийг шаазангаар урлахуй сэдвээр мастерын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш шаазангийн чиглэлээр бие даасан уран бүтээлээ туурвиж байна. Энэ хугацаанд 1000 орчим шаазан бүтээл гаргажээ. Ихэнхийг нь бэлэг дурсгалын зориулалтаар хувь хүмүүс худалдан авсан байна. Сүүлийнхээ үзэсгэлэнийн дараа 300-аад шаазан бүтээлийн эх загвар гаргалаа.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?

-Энэ удаагийнх миний 7 дахь уран бүтээлийн үзэсгэлэн. Өмнө нь Өндөр гэгээн Занабазарын хийцийн гайхамшигт бүтээлүүдийг шаазангаар урлахуй үзэсгэлэн нээж байсан бол, энэ удаа монгол ахуй, монголчуудын хүсэл мөрөөдөл, өдөр тутмын амьдрал, нөгөө талаар монгол орны байгалийн гайхамшигт үзмэрүүдийг шаазан дээр хэрхэн урлаж болохыг харуулахыг зорьсон. Үзэсгэлэнд цуврал 40 орчим, нийт 22 бүтээлийг дэлгэлээ. Өнгөрсөн жилийн хавар Дундговь аймгийн Өлзийт сумаар аялсан. Тэндэхийн Дэл уул хэмээх байгалийн гайхамшигт үзмэр болсон хадны сүг зураг сэтгэлийг минь ихэд татсан. Түүнийг шаазан, керамик дээр урлаж нийслэлийнхэндээ үзүүлэх гэж үзэсгэлэнгээ дэлгэсэн юм.


-Ер нь бүтээлүүдээ хэдий хугацаанд урладаг вэ?

-Ойролцоогоор жилийн хугацаанд бүтээсэн. Хамгийн их хугацаа орсон нь гэвэл, гурван хөл дээр тогтсон, луугийн толгойтой сангийн бойпор, Даншигийн аваргууд хэмээх гурван бөх байна. Энэ бол Ардын хувьсгалаас өмнөх монгол бөхийн түүхийг харуулсан бүтээл юм. Энэ бүтээлд бараг хагас жилийг зарцуулсан. Ер нь бүтээлүүд маань хоёр жил дамнасан боловч нохой жилдээ багтааж дуусгасан учраас нэг жилд бүтээсэн гэж хэлээд байгаа юм.

-Бүтээлийнхээ зохиомж загварыг хэрхэн баяжуулдаг вэ?

-Бүтээлүүдээ цувралаар улам баяжуулна. Тухайлбал, бөх гэхэд дэвж байгаа, мэх хийж байгаа, авч шидэж байгаа, давж байгаа, тойрч үзэж байгаа үзэгчид, сур харваж байгаа гэх мэт цувралаар 100 гаруй бүтээл урлана. Тиймээс олон жил дамнасан урт хугацаа шаардах нь гарцаагүй.

-Шаазан хийх шавраа хаанаас авдаг вэ. Олдоцтой байдаг уу?

-Би ихэвчлэн, Англи, Орос, Хятад, Герман зэрэг орны, дэлхийн стандартад нийцсэн хамгийн сайн чанарын шавраар урладаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн бүтээлүүдээ монгол шавраар түлхүү урласан. Чанарыг нь сайжруулахын тулд бусад орны шавартай хольж гаргасан бүтээлүүд бий. Манай орны 21 аймагт боловсруулж чадах юм бол шаврын олдвор бий. Түүгээр бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний зүйл хийж болно. Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу толгой, Цогтцэций сумын Таван толгойн уурхайд шаазан урлалын үзэсгэлэн гаргасан. Тэнд нүүрс олборлоход гарсан, цайран харагдах цагаан өнгийн овоолго шаврыг ялгах, нунтаглах, устай холих зэрэг технологийн арга байдаг. Мөн шаазангийн шаварт шаардагддаг төрөл бүрийн бодис бий. Тэднийг бага хэмжээгээр хольж, хагас жилийн судалгааны үр дүнд гаргасан бүтээлүүдээ дэлгэлээ. Тухайлбал, Дэл уулын хадны зургийг дүрсэлсэн вааранд монгол шаврыг ашигласан. Мөн бусад орон нутгаас олдсон өөр шавартай хольж гаргасан шавраар “Хонь гаргаж байгаа нь” хэмээх шаазан баримал маань бүтсэн юм.


-Шаазан маш эмзэгхэн эд. Тэр хэмжээгээр сэтгэл татам байдаг. Их олон шат дамжлагаар нэг бүтээл бүтдэг байх гэж бодогддог?  

-Хуучин шаазангийн үйлдвэр гэж байхад 7-8 шат дамжлагаар бүтээгдэхүүн гардаг, олон зуун хүн ажилладаг байсан. Харин би энэ бүхнийг ганцаараа хийж байна. Шавраа хэрхэн олборлох, боловсруулах зэргээр тэр чигээрээ судалгааны ажил болж байна. Нарийн яривал, химийн мэргэжилтэн болдог. Ингэж маш их хөдөлмөр, оролдлогын дараа хүний нүдийг баясгах бүтээл хийж болдгийг харуулж байгаа юм.

-Танд шавь орох гэж олон хүн ханддаг уу?

-СУИС-д керамик, ваар урлалын ангид оюутнуудыг бэлтгэдэг. Шавь болох гэхээсээ илүү оюутнууд диплом хамгаалахдаа их ирдэг. Тэгэхэд нь шаазан, керамик чиглэлээр жаал жуул юм хэлж өгөхийг хичээдэг.

-Үзэгчид энэ удаагийн үзэсгэлэнгээс аль бүтээлийг тань илүүд үзэж байна. Хамгийн үнэтэй бүтээлээ нэрлэж болох уу?

-Үзэгчид малчин залуу, саальчин бүсгүйн “Болзоо”, “Учиртай гурван толгой”-н Юндэн Нансалмаа хоёрыг их сонирхож байна. Эдгээр бүтээл 1.5-3.5 сая төгрөгийн үнэтэй байгаа. Цагаан өвгөн 300 мянга, Чингис хаан 3 сая, бойпор 500 мянгын үнэтэй байгаа. Төгрөгөөр үнэлэхэд маш хэцүү байдаг. Төгрөгийн ханш унахад хөдөлмөрийн үнэлгээ ч адилхан унадаг.


-Одоогийн байдлаар хэчнээн бүтээл борлуулав?

-Монголд хуучны шаазан сонирхон цуглуулдаг 100 орчим хүн бий. Түүн дотроо цуглуулга болгодог нь  4-5 хүн байна. Эдгээр хүмүүс намайг дэмжин, бүтээлүүдийг маань худалдан авдаг. Тиймээс тэдний дэмжлэгээр энэ үзэсгэлэнгээ гаргаж байна. Хэрвээ шаазан сонирхдог хүн байгаагүй бол цаашид хөгжинө гэхэд хэцүү шүү дээ.

аашид шаазангаар ямар бүтээл урлахыг хүсч явдаг вэ?

-Монголчуудынхаа өргөн хэрэглээний цайны аяганы иж бүрдэл, кофены аяга, айрагны ваар, хул зэргийг шаазангаар урлахыг боддог. Яагаад гэвэл, өдөр тутмын хэрэглээ учир харьцангуй боломжийн үнээр гаргана. Мөн монгол шавраар хийх боломж бүрдэж байгаа учир урлахад хэцүү биш. Хэзээ нэгэн цагт, нэг их том биш ч шаазангийн үйлдвэр байгуулах хүсэл зорилготой явдаг даа.

 онгол шаазан урлалыг дэлхийд таниулахын тулд юу хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Аливаа брэнд бүтээгдэхүүн гаргахад төрөөс санхүүжилт гаргадаг, тусгай бодлого баримталдаг байх хэрэгтэй. Анх 1956 онд шаазангийн артель гэж 10-аад хүнтэй байгуулж, улмаар 20-иод жил мэргэжилтнүүд бэлдэж, 1973 онд анхны шаазангийн үйлдвэрийг байгуулсан түүхтэй. ЗХУ-ын тусламжаар баригдсан, Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсын техник технологиор хөгжүүлж байсан. 1990-ээд оны эхэн үед “Гучин сая дахь шаазангаа үйлдвэрлэлээ” хэмээн сүр дуулиантай үйл явдал болж байсан билээ. Түүнээс үзэхэд мэргэжилтнүүдээ тасралтгүй бэлтгэж байсан. Одоо тэдний хамгийн залуу нь 50 гаруй насны улсууд болжээ. Тэгэхээр мэргэжилтнүүдээ дахин бэлдэх асуудал гарч байна. Тиймээс төрийн дэмжлэг маш чухал. Монгол Улс 5,10 жилийн дараа өөрсдөө аягаа үйлдвэрлэдэг,  хэрэгцээгээ хангадаг болно гэж судалгаатай төсөл гарган, гаднаас аяга оруулж ирэхээ болиход л манай үйлдвэр босоод ирнэ шүү дээ. Харин гадныхантай өрсөлд гэвэл бүтэхгүй. Дотоодын зах зээлээ хамгаалах бодлого баримтлах нь чухал юм.

Холбоотой мэдээ