Д.Сүхболд: Боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслөө заалт бүрээр нь тайлбарлахыг зорьсон

Монголын мэдээ | Ярилцлага
bolor@montsame.mn
2020-10-22 10:49:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн заалт бүрийг эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл байдлаар буюу улс төр, философи, эрх зүй, эдийн засгийн талаас нь тайлбарласан “Үндсэн хуулийн тайлбар философи” гэдэг нэгэн сонирхолтой номын нээлт Улаанбаатар Эрдэм их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд энэ сарын 29-нд болно. Уг номын таван зохиолчийн нэг, Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор доктор /Ph,D/, дэд профессор Д.Сүхболдтой ярилцлаа.


 -Та бүхний бичсэн номын нэр анхаарал татаж байна. Номыг яагаад тавуулаа бичих болсон шалтгааны талаар болон яагаад “Үндсэн хуулийн тайлбар философи” гэж нэрлэх болов. Ер нь Үндсэн хуульд яагаад заавал онол, философийн тайлбар хийх ёстой вэ? 


-Бидний хэсэг нөхөд Д.Лхагвасүрэн, Р.Ууганбаатар, М.Сайнбаяр нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн  асуудал ид өрнөж байх үе буюу 2018 онд шинэ Үндсэн хуулийн төсөл бичиж боловсруулсан юм. Уг төслөө Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын зарим гишүүн, иргэд олон нийтэд танилцуулах явцад асууж тодруулсан, эргэлзэж тээнэгэлзсэн олон асуулт ирж байсан учраас боловсруулсан Үндсэн хуулиа заалт бүрээр нь тайлбарласан ном бичье гэсэн санаа зорилгод нэгдсэн. Үндсэн хууль өөрөө олон шинжлэх ухааны уулзвар учраас ганц хоёрхон хүн нийлээд зөвхөн эрх зүйн хандлагаар Үндсэн хуулийг тайлбарлах боломжгүй. Ингээд бидний нэр бүхий таван судлаач тус Үндсэн хуулийн заалт бүрийг эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл байдлаар тайлбарлах ажилд орсон. Тухайлбал, миний бие хууль тогтоох эрх мэдэлтэй холбогдох заалтуудад политологийн тайлбар хийсэн бол Р.Ууганбаатар шүүх эрх мэдэл, Д.Лхагвасүрэн, Д.Зоригтбаатар, М.Сайнбаяр нар эдийн засаг, нутгийн удирдлага, гүйцэтгэх засаглалтай холбогдсон заалтад тайлбар хийсэн. Өөрөөр хэлбэл, боловсруулсан Үндсэн хуульдаа улс төр, философи, эрх зүй, эдийн засгийн тайлбарыг хийсэн гэсэн үг. Нэмж хэлэхэд бид энэ бүтээлдээ 1992 оны Үндсэн хуулийн 290 заалтаас 36 заалтыг нь ямар нэгэн нэмэлт өөрчлөлтгүй авч үлдсэн бөгөөд 89-д нь зарчмын өөрчлөлт оруулан, 170 заалтыг цоо шинээр бичиж, 100 гаруй заалтыг дарангуйлагч зарчимтай болохыг илчлэн харуулж, тэдгээр заалтыг хэрхэн ардчилсан заалт болгон өөрчилснөө тайлбарласан. “Үндсэн хуулийн тайлбар философи” гэх номын нэр хүртэл үүнтэй холбоотой.


-Номын оршлын хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн түүх бол ЗСБНХУ-ын Үндсэн хуулийн түүхтэй усны дусал мэт адилхан гэж дүгнэжээ. Яагаад ийм дүгнэлт хийх болов? 


 -Тиймээ, Монгол Улсын Үндсэн хуулийн түүх бол ЗСБНХУ-ын социалист Үндсэн хуулийн түүхтэй усны дусал мэт адилхан. 1918 онд баталсан ЗХУ-ын анхны хууль нь зөвхөн Орос улсад л зориулсан Үндсэн хууль байлаа. 1924 онд баталсан II Үндсэн хуулиар ЗСБНХУ-ыг байгуулж, тухайн үедээ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Орос, Украин, Беларус, Азербайжан, Армен, Гүрж зэрэг оронд нийтэд нь хэрэгжүүлсэн анхны Үндсэн хууль болжээ.”[1] Яг энэ цагт буюу 1924 онд Коминтерний шууд удирдлага дор Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг ахар богино хугацаанд батлан гаргасан. 1939 онд И.Сталины Үндсэн хууль батлагдан гарсны дараа 1940 онд Монгол Улсын II Үндсэн хууль батлагдсан. 1956 оноос Н.С.Хрущевийн эхлүүлсэн өөрчлөлтийн нөлөөгөөр 1960 онд Монгол Улсын III Үндсэн хууль батлагдаж, 1986 онд М.С.Горбачевийн эхлүүлсэн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр 1992 онд Монгол Улсын IV Үндсэн хууль батлагдсан.


1992 оны ардчилсан гэж эндүүрэх Үндсэн хуулийн гол онол, философи, зарчим нь 1960 оны социалист Үндсэн хуулийн голлох зарчмуудтай яг адилхан байдаг. Бүр хойд Солонгосын 1998 оны Үндсэн хуулийн зарчимтай 91.8 хувь нь яг тохирч байна.

Үүнээс 1992 оны ардчилсан гэх Үндсэн хуулийг А.Я.Вышинскийн социалист Үндсэн хуулийн нэг хувилбар мөн гэсэн дүгнэлт хийж болно.


-Та бүхний дэвшүүлсэн Үндсэн хуулийн төсөлд эдийн засгийн бүлэг байгаа нь сонирхол татаж байна. Тэр дундаа социалист эдийн засгийн харилцаанаас капиталист эдийн засгийн харилцаа уруу шилжих тухай заалт байна?


 -Үндсэн хуульд эдийн засгийн бүлэг байх нь Монголын онцлог гэж хэлж болно. Социализм байгуулж байх он жилүүдэд социалист эдийн засгийнхаа суурь зарчмуудыг Үндсэн хуульдаа тусгаж өгөх нь бараг бүх социалист оронд жишиг болсон байлаа. 1960 оны Үндсэн хуулийн 8 дугаар зүйлд “БНМАУ-ын эдийн засгийн үндэс бол хөдөлмөрчид олон жил шаргуу тэмцэн, үйлдвэрлэлийн хэрэгслийг хувьдаа өмчлөх журмыг халж, хүн хүнээ мөлжих явдлыг устгасны үрээр тогтсон социалист системийн аж ахуй, үйлдвэрлэлийн хэрэгслийг нийтээр өмчлөх социалист өмч мөн” хэмээн хуульчилжээ. Бид социализмыг хэнээс ч илүү байгуулсан. Гэтэл социализм бүх дэлхийд нуран унасан. Харамсалтай нь бид социализмаасаа салж чадахгүй байсаар байна. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэлээд олон социалист заалтууд огт хөндөгдсөнгүй. Тэгвэл бид яаж социализмаас салж, капитализмд орох вэ? Туршлагаа хэрэглэе. 1960 онд социалист Үндсэн хууль баталж байсан шигээ капиталист Үндсэн хууль баталъя. Бид эдийн засгаа капитализмд шилжүүлэхгүй бол улс төрийг социализмаас салгаж чадахгүй.


-Бүтээлдээ Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэл ярих бүрт хойш нь тавьдаг байсан хоёр танхимтай парламентын асуудал, гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч тэргүүлж удирдах зэрэг асуудлыг шинжлэх ухааны үндэстэй гаргаж тавьжээ. Энэ талаар?


-Хууль тогтоох эрх мэдлийг хоёр танхимтай зохион байгуулах, гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч  тэргүүлж удирдах тухай  монголчууд 1990 оноос хойш 30 жил ярьж, маргалдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт болгоноор энэ асуудлыг санал дэвшүүлдэг боловч хойш нь тавьсаар ирсэн. Яагаад хойш нь тавиад байна гэхээр эдгээр асуудлын талаарх дорвитой хийсэн судалгааны ажил хомс байна. Тухайлбал, хоёр танхимын асуудал байна. Монголын тэргүүлэх сэхээтэн, улстөрч, зарим судлаач, иргэд  хууль тогтоох эрх мэдлийг хоёр танхимтай болгох ёстой гэж үздэг ч тэдний хоёр танхимтай парламентын онол философийн талаарх мэдлэг мэдээлэл нь харилцан адилгүй,  хоёр танхимтай  парламент гэж улс төрийн ямар бүтцийг хэлэх вэ гэдгээ ойлголцсон зүйлгүй, нэгдсэн нэг ойлголтод хүрээгүй байна. Хоёр танхимтай парламентын бүтэц, чиг үүрэг, зохион байгуулалт, хоёр танхимаар хуулийн төсөл хэлэлцэх процессийн талаар нэгдмэл ойлголтгүйгээс үүдэн энэ асуулыг байнга хойш тавьсаар ирсэн.


Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч тэргүүлэх асуудал байна.


Өөрөөр хэлбэл, Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх тухай маргаан нь парламент хоёр танхимтай байх тухай асуудалтай адилхан нийгмийн бүх давхаргын дунд байнга санал дэвшүүлдэг, ярьдаг тулгамдсан асуудал юм.


Гэвч өдийг хүртэл Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонгосонгүй, бас парламентын гэж нэрлэдэг засаглалынхаа легитим шинжийг бүрдүүлж чадсангүй. Ерөнхийлөгчийн засаглал гэх анхаарал татсан атлаа болгоомжлол, эргэлзээ төрүүлсээр ирсэн маргаантай энэ асуудлыг монголчууд бид нэг талыг хэт барьж туйлшралгүй онол, философийнх нь хувьд нэг мөр ойлгож авах нь чухал. Шууд хэлбэл бид бүхэн  Бүгд найрамдах төрийн мөн чанарыг илүү ойлгох ёстой. Энэ нь Ерөнхийлөгчийн засаглал бол түүний нэг салаа мөчир гэдгийг ойлгоход тустай юм. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салаа мөчирт хуваарилж, тэдгээрийг төлөөлсөн парламент, засгийн газар, шүүх нь сонгуулиас эх сурвалжтай, тэдгээр нь эргээд ард түмэндээ ажлаа тайлагнаж дахин ажиллах эсэхээ шийдвэрлүүлдэг төрийн хэлбэрийг Бүгд найрамдах төрийн байгуулал гэдэг. Улмаар төрийн онолын шинжлэх ухаанд Бүгд найрамдах засаглалыг дотор нь Ерөнхийлөгчийн болон парламентын гэж ангилдаг. Гэтэл манайд парламентын засаглал нь ардчилсанд, Ерөнхийлөгчийн засаглал нь ардчилсан бус, дарангуйлагч засагт тооцогдоно гэдэг нь байж боломгүй логик бөгөөд улс төрийн шинжлэх ухаан хөгжсөн цаг үед бид энэ төрлийн ташаа ойлголтоос хол байх ёстой. Бидний бүтээл энэ асуудлуудад илүү дэлгэрэнгүй тайлбар өгснөөрөө онцлог.


 -Шүүх засаглалыг төрийн гурван өндөрлөгийн нэг болгох тухай бичсэн байна. Энэ талаар тайлбарлахгүй юу? 


-Үндсэн хуулийн эрх зүйч Р.Ууганбаатар маань энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан. НҮБ-аас Шүүх засаглалыг бэхжүүлэх зорилго бүхий нэгэн чухал баримт бичиг баталсан нь “Шүүх эрх мэдлийн бие даасан байдлын тухай үндсэн зарчмууд”  юм.  Тус баримт бичигт шүүхийн бие даасан байдлыг хангахад институцлэгдсэн бие даасан байдал (institutional independence) буюу Үндсэн хуулиар шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх нь чухал болохыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг хуваарилахдаа Шүүх засаглалыг төрийн гурван  эрх мэдлийн нэг байхуйцаар Үндсэн хуульд бэхжүүлэхийг онцлон тусгасан хэрэг юм. Гэтэл өдий хүртэл монголчууд бид шүүхийг төрийн 3 эрх мэдлийн нэг болгож чадаагүй байна. Шүүх засаглал нь хамгийн бага эрх мэдэлтэй бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаа дарангуйлах нь битгий хэл тэдгээрээс ирэх дайралтаас ч өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг. Ийм учраас шүүх засаглал нь дангаараа хүний эрх, эрх чөлөөнд аюул заналхийлэл учруулах ямар ч боломжгүй юм. Гэвч нөгөө 2 засаглалын нөлөөнд автаж, тодорхой хэмжээгээр бие даасан байдал нь алдагдсан тохиолдолд аймшигтай зэр зэвсэг, төрийн төмөр нүүр, махны машин, бууны нохой болон хувирч, тухайн улс оронд асар том аюул учруулж чадна.

“Лхүмбийн хэрэг”, “Москвагийн шүүх” гэх мэт их хэлмэгдүүллийн хар шуургыг гагцхүү шүүхээр дамжуулан хийснийг бидний түүх гэрчилнэ. Шүүх засаглал нь шударга үнэнтэй тэнцүү биш болчихвол тухайн нийгэм задарна. Нийгэм өөрөө оршин тогтноход амин чухал хэрэгцээтэй, итгэл найдвар, үнэн худал, ашигтай хортой, сайн муу, зөв буруу гэх мэт ёс суртахууны дэнсийг зөвхөн шүүх засаглал л ажиллуулах үүрэгтэй. Гэтэл энэ бүх үүргээ шүүх засаглал биелүүлж чадахгүй бол нийгэм өөрөө нийгмийнхээ хувьд ээдэж, эвдэрнэ. Товчоор хэлбэл, Монгол Улс ертөнцийн хөрснөөс арчигдана. 

Гагцхүү ийм аюултай байдалд орохгүйн тулд шүүх засаглалыг төрийн 3 өндөрлөгийн нэг болгох зүй ёсны шаардлага монголчуудын өмнө үүсээд байна. Үгүй ядахдаа, шүүхийг нөгөө хоёр засаглалаас нь хараат бус байлгахуйц зарчмуудыг Үндсэн хуульд бэхжүүлж өгөх шаардлагатай болжээ. Эс тэгвэл эрт оройгүй нийгэм задарна. Сүүлийн 28 жилийн туршид Шүүх засаглал нь авилгад идэгдсэн эрх мэдэлтнийг бөхийлгөсөнгүй. Харин эсрэгээрээ төр нь “шүүх” гэдэг алхыг атгаж байгаад ард түмэн гэдэг хадаасыг балбасаар ирлээ.


Төрийн савраас шүүхийг салгаж, хүчирхэгжүүлээд, эргүүлээд шүүхээр нь эрх мэдэлтнийг бөхийлгөж чадах эсэхээс төрийн эрүүл мэнд шууд хамаарна. 


Шүүх эрх мэдлийн талаар дэлгэрэнгүй тайлбар авъя гэвэл бидний бүтээлийг уншаарай.


 -Үүнээс гадна төрийн өндөр албан тушаалтнуудад тавих шалгуурын талаар нэлээн бичсэн байна?


-Манай төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчдад тавих шалгуурыг тодорхой зааж өгсөн боловч улс төрийн албан тушаал буюу төрийн өндөр албан тушаалтнуудад тавих шалгуурыг хуулиар тогтооно гээд бүрхэг орхисон байдаг.

Төрийн өндөр албан тушаалтан гэдэг нь улсын Ерөнхийлөгч, парламентын дарга, дэд дарга, парламентын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн дарга, Улсын Ерөнхий прокурор, хуульд заасны дагуу парламентаас томилдог бусад албан тушаалтнууд багтана. Энэхүү төрийн өндөр албан тушаалтнуудад ямар шалгуур тавих ёстой вэ. Тэдэнд тавих шалгуурыг юуны өмнө Үндсэн хуулиас хайж болох боловч Үндсэн хуульд хэт ерөнхий шалгуур тавьсан байдаг. Тухайлбал, Монгол улсын Үндсэн хуулийн 3.21 зүйлд “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” 30.2. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно хэмээн заасан байдаг.


Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорт  тавигдах шалгуур Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй юм. Угтаа бол төрийн өндөр албан тушаалтнуудад тавих шалгуур нь нэлээд өндөр байх ёстой ч зөвхөн Үндсэн хуульд бэхжүүлсэн ерөнхий зарчмаар зохицуулахаас өөр арга механизм бидэнд алга.


Гэвч бидэнд нэг давуу тал байна. Энэ юу вэ, гэвэл  эзэн захирагчдад ямар шалгуур тавих ёстой вэ? гэсэн асуулт улс төрийн сэтгэлгээний түүхэнд олонтаа тавигдаж, энэ асуултад аугаа их сэтгэгчид өөр өөрсдийн байр сууринаас хариулсаар ирснийг  эртний Грек, Ром, Энэтхэг, Хятадын  улс төрийн сэтгэлгээнээс тодорхой харж болох юм. Энэ нь төрийн өндөр албан тушаалтанд тавих шалгуурын асуудлыг олон түмний анхааралд оруулж, нийтээр тогтсон үнэлэмж бий болгоход тустай юм. Энэ талаар тус номоос дэлгэрүүлж уншиж болно.


 -Тэгвэл парламентын гишүүнд ямар шалгуур тавих ёстой юм бэ? 


-Парламентын гишүүнд тавих шалгуурын асуудал өнөөдөр тулгамдсан сэдэв болоод байна. Ер нь парламент нэг эсвэл хоёр танхимтай байхаас шалтгаалж тавих шалгуурын асуудал өөр өөрөөр яригдана. Хоёр танхимтай бол танхим тус бүрийн гишүүдэд тавих шалгуур нь өөр байдаг. Нас, мэдлэг боловсрол, туршлага тойргийн харьяалал гэх мэт. Манайх хоёр танхимтай парламентын бүтэц, зохион байгуулалтыг нэг танхимтай парламентад аваачиж наах гэж оролдсон учраас шалгуур тавихад хүндрэлтэй байдаг. Тухайлбал, бид парламентын гишүүд 30-40 нас хүрсэн, мэдлэг боловсрол төлөвшсөн, тойрогтоо амьдрах ёстой зэрэг шалгуурыг шаарддаг. Гэтэл энэ нь нэг танхимтай парламентад хэрэгжих боломжгүй. Учир нь энэ шалгуур хоёр танхимд тус тусдаа тавигдаж байж хэрэгжих боломжтой.


1992 оны Үндсэн хуульд Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг УИХ-ын гишүүнээр сонгоно гэсэн ерөнхий заалт бий. Энэ нь хангалтгүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн туршлага харуулж байна.


Бидний боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд  доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр Монгол Улсын уугуул иргэн, 25 нас хүрсэн, сүүлийн 5 жилийн туршид тухайн сонгуулийн тойрогт амьдарсан, сонгогдох эрх нь хязгаарлагдаагүй хүн байх шалгуурыг оруулсан.


 -Парламентын гишүүнээр сонгогдохын тулд яагаад заавал тойрогтоо сүүлийн 5 жил амьдарсан байх ёстой вэ?


-Өнөөгийн Монголын хувьд парламентын гишүүд ард түмний амьдралаас ихэд тасарч, тэднээс хамааралгүй болсон шалтгаан нь нэгдүгээрт, тухайн сонгуулийн тойрогт оршин суудаггүй атлаа тэндээс сонгогдсон, хоёрдугаарт, тухайн сонгогдсон тойрогтоо нэр хүндгүй болмогц өөр тойргоос нэр дэвшиж болдог гаж тогтолцоотой холбоотой. Үүнээс үүдэн 1992 оны сонгуулиар парламентын гишүүн болж байсан хүмүүс  2016 онд буюу бүхэл бүтэн 26 жилийн дараа дахиад л парламентын болон Засгийн газрын гишүүнээр сонгогдож, томилогдож байна.

1992 оноос хойш бүр тасралтгүй төрийн өндөр дээд албан тушаал болон парламентын гишүүнээр ажилласан нэр бүхий хүмүүс ч байна. Тэдгээр хүмүүс өөрсдийгөө мэргэшсэн парламентч гэж нэрлэдэг боловч улс төрийн шинжлэх ухаан болоод түүний салбар ухаан болох парламент судлалд “мэргэшсэн парламентч” гэх нэр томьёо огтоос үгүй юм. Олны танил улстөрчид сонгуульд нэр дэвшээд унана гэдэг бол ард түмэн тэдгээр хүмүүсийг дэмжихгүй, дахиж төрийн өндөр дээд албан тушаал хашихыг нь хүлээн зөвшөөрөхгүй, шууд хэлбэл тэр хүний улс төрийн карьерт цэг тавьж  байна гэсэн үг. Гэтэл сонгуульд унасан хүнийг намын даалгавраар Засгийн газрын гишүүн болон төрийн өндөр албан тушаалд томилдог гаж тогтолцоо тогтсоор удсаныг бид бүгдээрээ мэддэг.


Энэхүү байдлыг засах гарц бол парламентын гишүүнээр сонгогдохын тулд тухайн тойрогтоо 5 жил амьдарсан байх шалгуурыг Үндсэн хуулиар хуульчилж өгөх явдал юм.

Ингэснээр иргэдийн дунд ихэд шүүмжилдэг сэдэв болох УИХ-ыг ард түмний  амьдралыг огт мэдэхгүй гишүүдээс бүрддэг, үүнээс үүдэн гишүүд нь сонгогдсон тойргийнхоо ашиг сонирхлыг төлөөлөх бус зөвхөн өөрийн намын ашиг сонирхлыг төлөөлж байна гэсэн шүүмжлэлүүд дагаад шийдвэрлэгдэх боломжтой.

Парламентад сонгогдохын тулд тухайн сонгуулийн тойрогтоо сүүлийн 5 жил амьдарсан байх шалгуур нь тухайн төлөөлөгчийг өөрийн тойргийн нөхцөл байдал, хууль эрх зүй, иргэдийн эрх ашгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байлгах гол суурь зарчмын нэг юм. Өөрөөр хэлбэл парламентын гишүүн нь тухайн тойрог, орон нутгийн онцлогийг заавал харгалзан үзэх ёстой бөгөөд энэ нь тэдгээрийн онцлогт нийцсэн хууль тогтоомжийг баталж байх гол шалгуур болно. Парламентын гишүүн мэдлэг, боловсрол, ухаан, туршлагаараа бусдаасаа шалгарч, тухайн сонгогдсон тойргийнхоо итгэл, хүндлэлийг олж авч  чадсан бол өөрийн тойргоосоо хэдэн ч удаа дахин сонгогдох эрхтэй юм. Гэвч ингэхийн тулд төлөөлөгч тухайн тойрогтоо л амьдрах ёстой болно. Парламентын гишүүн тухайн тойрогтоо амьдрахаа больж,  дараачийн сонгуулиар өөр тойргоос нэр дэвших эрх нээлттэй боловч энэ тохиолдолд тухайн тойрогт мөн л 5 жил амьдарсан байх ёстой гэсэн шалгуур түүнийг дагалдана. Гэхдээ өөрийн тойргоо сольсон эрхэмд  тухайн тойргийн сонгогчид итгэл үзүүлэх нь бага байх магадлалтай. Иймээс парламентын гишүүнээр олон удаа сонгогдох гишүүд тухайн тойрогтоо олон жил амьдрах шаардлагатайгаас гадна өөрийн тойргийн ард иргэдийн итгэл, хүндлэлийг бүрэн олох шаардлагатай болж байна. Тойрогтоо 5 жил амьдарсан байх шалгуур нь ийнхүү ард иргэд болон парламентын гишүүнийг хооронд нь уяж, нөхцөлдүүлж өгөх давуу талтай юм.


Харин дээд танхимын хувьд, олон түмний сэтгэлийн хөөрөл, буруу шийдвэр гаргах  эрсдэлээс ангид байхын тулд үзэл бодол тогтсон, алсын хараатай, эрх бүхий шигшмэл иргэдээс бүрдэх нь чухал юм. Тодруулбал Монгол Улсын уугуул иргэн, 40 нас хүрсэн, сонгогдох эрх нь хязгаарлагдаагүй, ёс зүй, мэдлэг боловсрол, туршлагын хувьд бүрэн төлөвшсөн байх шаардлагатай. Ийм өндөр шалгуураар сонгогдсон гишүүд доод танхимаас баталсан хуулийг хянан шалгаж, таслан сэргийлнэ.

Дүгнэж хэлэхэд, хүн төрөлхтөн өөрсдийн алдаа дутагдлаас хэрхэн сэргийлэх арга замыг төрийн байгуулалдаа тусгасны томоохон жишээ бол парламентын хоёр танхимын зохион байгуулалт гэдгийг ойлгох хэрэгтэй.



 



Холбоотой мэдээ