Хятад улс коронавирусний эмчилгээнд хэрэглэх тарианд анх удаа зөвшөөрөл олгов

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-12-13 17:21:23

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Үндэсний Эм, эмийн бүтээгдэхүүний хяналт, удирдлагын газраас дотоодод үйлдвэрлэсэн, коронавирусийг саармагжуулах үйлчилгээтэй амбавиримаб /BRII-196/, ромисвиримаб /BRII-198/ тариаг бүртгүүлэх хүсэлтэд зөвшөөрөл олгосноо энэ сарын 8-нд зарлалаа.

            Тодруулбал, дээрх тарилгуудыг Бээжингийн Төншөн Хуачуан эмнэлгийн технологийн компани гарган авсан бөгөөд энэ нь Хятад улсын анхны бие даасан оюуны өмчийн эрхтэй коронавирусийг саармагжуулах үйлчилгээ, эсрэг биет хосолсон эмчилгээ болж байна.

            Хятадын “Эмийн зохицуулалтын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу дээрх хоёр тарилгад хяналт шалгалтын ажлыг яаралтай байдлаар хийж дараах төрлийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгов. Үүнд: хөнгөн шинж тэмдэгтэй болон түгээмэл төрлийн өвчтөнүүд, хүнд, хүндэвтэр өвчтөнүүд болон эрсдэлт хүчин зүйл ихтэй насанд хүрэгчид болон хүүхдүүдийн /12-17 насны биеийн жин нь 40 кг-аас дээш биеийн жинтэй/ эмчилгээ багтжээ.

            Төншөн компани Шэньжэн хотын Гуравдугаар Ардын эмнэлэг, Цинхуа их сургуультай хамтран ажиллаж дээрх хоёр тарилгыг коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн өвчтөнүүдээс гарган авсан саармагжуулах эсрэг биетээр хийсэн байна.

            Гурван тал анхлан эсрэг биетийг өвчтөнүүдээс ялган авахаас эхлээд олон улсын хэмжээнд 3-р шатны эмнэлзүйн туршилтыг амжилттай дуусгаж, Хятадын холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах хүртэл нийтдээ 20 сарын хугацаа зарцуулжээ.

           Коронавирусний мутацуудыг саармагжуулахад тарилгууд хэр үр дүнтэй вэ?

            Тарилгын сүүлийн буюу 3-р шатны эмнэл зүйн туршилтыг дөрвөн тивийн зургаан улсын 111 клиникийн туршилтын байгууллагад коронавируст халдвараар өвчилсөн 837 өвчтөнд хийжээ. Улмаар туршилтын дүнд өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх болон нас баралтын хувийг 78 хувиар бууруулж байгаа нь батлагдсан. Дээрх хоёр тарилгыг туршилтаар хийлгэсэн хүмүүсээс 28 хоногийн дараа нас баралт бүртгэгдээгүй бол өөр бусад төрлийн эмчилгээ хийлгэж байсан /харьцуулах байдлаар туршилтыг хийсэн/ хүмүүс дундаас нас баралт 8 бүртгэгдсэн байна.

            Амбавиримаб /BRII-196/, ромисвиримаб /BRII-198/ тарилгууд нь Хятад улсын холбогдох байгууллагын зөвшөөрлийг авахаасаа өмнө коронавирусний эсрэг хийж буй эмчилгээнд аль хэдийн хувь нэмрээ оруулсан байна. Тухайлбал, Хятадад бүртгэгдээд буй дельта хувилбарын эсрэг эмчилгээнд 2021 оны 6-р сараас хойш Гуандун, Юньнань, Жянсу зэрэг 13 мужид 900 гаруй хүнийг эмчилжээ.

            Харин коронавирусний омикрон хувилбарын эсрэг эмчилгээнд үр дүнтэй байгаа эсэх талаарх мэдээллийг хараахан зарлаагүй байна.     

Холбоотой мэдээ