"Гудамж" төслийн төсвийг үндэслэлгүй нэмсэн эсэхэд аудитын дүгнэлт гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-07 17:35:58

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас нийслэлд шалгалт хийх төлөвлөгөө, аудит хийх чиглэлээ тодорхойлсон байна.

Тодруулбал тус газраас  таван асуудлаар аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулсан аж. Нийцлийн аудитын газрын Б.Алтанзул боловсруулсан төлөвлөгөөний дагуу өнөөдрөөс ажлаа эхэлж байгаагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт танилцууллаа.

Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул “Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн эсэх дээр аудитын дүгнэлт гаргана. Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ийг иргэдэд өндөр үнээр борлуулсан, зөвшөөрөлгүй газруудад байршуулсан эсэхий шалгах юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг нягтлана. Үүнээс гадна нийслэлийн Газрын албанаас төрийн байгууллагын хэрэгцээнд газар олгосон асуудал хуулийн хүрээнд явагдаж чадсан уу гэдгийг шалгаж дүгнэлт гаргана. Тав дахь асуудал нь Авто замын хөгжлийн газарт хийсэн зарим төсөл, арга хэмжээг хуулийн дагуу явуулсан эсэхийг шалгаж аудитын дүгнэлт гаргана” хэмээлээ.

Мөн тэрээр “Шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд явуулна. Түүнчлэн байгууллагын нууцын хэмжээнд авсан бүх материалыг төрийн аудитын байгууллага ижил түвшинд хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ ханган биелүүлж ажиллана” гэв.

 

Холбоотой мэдээ