Гамшгийн эрсдлийг үнэлэх, барилгын норм стандартыг боловсронгуй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-07 17:56:56

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Улаанбаатар хотод “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын  2 дугаар бага хурал”-ыг  ирэх онд зохион байгуулах юм байна. 

 Дээрх  хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд  энэ сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  “Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” үргэлжилж байна.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассер  тус хуралд оролцож буй бөгөөд Хотын дарга С.Батболд түүнийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр  Хотын дарга С.Батболд “Улаанбаатар хотод болзошгүй газар хөдлөлт, гамшгийн эрсдлийг үнэлэх, барилгын норм стандартыг боловсронгуй болгох чиглэлээр НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас техникийн дэмжлэг туслалцаа авах чиглэлээр харилцан хамтран ажиллах нь бидний хувьд их аз завшаантай явдал юм. 2018 онд “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын  2 дугаар бага хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах үеэр Улаанбаатар хот өөрийн сайн туршлагаас Азийн орнуудтай хуваалцах болно” хэмээв.

Дэлхий дахинд байгалийн гамшгийн давтамж өсч, үүнээс учрах хохирлын хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа Азийн бүс нутагт гамшгийн эрсдлийг бууруулахад хандуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран  “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын  2 дугаар бага хурал”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ