“Футзалын I лиг”-ийн аваргаар “Улаанбаатар сити” клуб шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-05 12:54:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос эхний жилдээ зохион байгуулсан “Футзалын нэгдүгээр лиг”-ийн аваргаар “Улаанбаатар сити” клуб тодорлоо.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-аас 2018 оны 3 дугаар сарын 3-ныг хүртэл өрнөсөн “Футзалын нэгдүгээр лиг”-ийн медалийн эзэд төдийгүй, аваргын цомыг өргөх баг лигийн сүүлчийн өдөр тодорч, сонирхолтой хурц өрсөлдөөнийг үзүүлсэн байна.

“Улаанбаатар сити”, “Хаан хүнс” багууд шийдвэрлэх тоглолтыг хийхэд “Улаанбаатар сити” багийн Орос тоглогч Ислам Хамхоев үндсэн цаг дуусахаас 10 секундын өмнө тоог 9:8 болгож, баг нь нэгдүгээр лигийн анхны аварга цолны эзэд болов. “Улаанбаатар сити”-тэй адил 21 оноотой ч хоорондын тоглолтын дүрмээр Дархан-Уул аймаг мөнгөн медаль, “Жипро” клуб хүрэл медаль тус тус хүртлээ.

Ирэх жил футзалын дээд лигт өрсөлдөх багуудыг тодруулсан энэ өрсөлдөөний дараа лигийн хаалтын ёслол болж, шилдэг тоглогчдыг шалгаруулахад, “Шилдэг хаалгач”-аар Ж.Энхбаяр /Дархан-Уул аймаг ОУХМ/, “Шилдэг тэгш тоглогч”-оор Ж.Сүндорж /Дархан-Уул аймаг/, “Шилдэг довтлогч”-оор Д.Тэмүлэн /Монголын тэмүүлэл, 28 гоол/ нар тус тус тодорлоо.

Д.Өлзий
Холбоотой мэдээ