Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хоёр дахь жилдээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-21 16:55:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ, Говийн бүсийн арга зүйн төвтэй хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр “Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны нөхцөлийг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Энэхүү хэлэлцүүлэг нь хөдөлмөрийн зах зээлийг дахин судлахын тулд юунд анхаарах талаар санал авах зорилготой юм. Тус судалгааг 2018 онд Европын холбоо, Говийн бүсийн арга зүйн төвийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байсан бөгөөд энэ онд дээрх байгууллагуудаас дахин санхүүгийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж ийнхүү хамтран ажиллаж  байгаа ажээ. 

Хэлэлцүүлэгт төр, ТББ, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хөдөлмөрийн зах зээлийн судалгааг илүү сайжруулах талаар санал солилцсон байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар холбогдох байгууллагуудтай хамтран 2018 онд тус аймагт хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийж, дүгнэлт, зөвлөмж гарган, мэргэжлийн боловсрол сургалтын болон хөдөлмөр эрхлэлтийн салбарын бодлого тодорхойлогчдод хүргүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд танилцуулсан ажээ.  

Тус судалгаанаас ирээдүйд Дундговь аймагт ажилгүйдлийг бууруулахад хөдөлмөрийн зах зээл хангалттай биш, гэхдээ орон нутгийнхаа нөөц боломжийг ашиглаж, бий болох боломжтой ажлын байранд тохирсон мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх тал дээр боловсролын байгууллагууд, аймгийн ЗДТГ дэмжин хамтран ажиллах хэрэгцээтэй гэсэн дүгнэлт гарч байсан байна.  

Дундговь аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдал нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж, ямар өөрчлөлт гарсныг удахгүй хийх судалгааны дүн харуулах ажээ.

Холбоотой мэдээ