Тасаг, нэгжүүд хувийн эмнэлэгт үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-24 20:13:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд коронавирусний халдвар өдөрт тогтмол бүртгэгдэж буй аймгуудын нэг нь манай аймаг. Иймд цар тахлын улмаас цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тооцон, бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд Нэгдсэн эмнэлгийг коронавирусний халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч эмчлэн тусгаарлах байр болгон ашиглаж байна.

Тиймээс зарим тасгийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн эмнэлгүүд рүү түр шилжүүлэн, эмчилгээ үйлчилгээг үргэлжлүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргасан. Энэ дагуу дараах тасгуудыг Нэгдсэн эмнэлгийн төв байрнаас шилжүүллээ. Үүнд Дотрын тасаг, Мэдрэлийн тасаг, Яаралтай тусламжийн тасгийг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаахын сургуулийн дэргэдэх “Сайхан сэтгэл” эмнэлэг рүү, Хүүхдийн тасгийг Цээнэ эмнэлэг рүү, Мэс засал, Гэмтэл, Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийг "Саран-Элит" эмнэлэг рүү, Эрүүл мэндийн газарт байрладаг Ахмадын уламжлалын тасгийг Ахмадын хөгжлийн төв рүү тус тус шилжүүллээ.  Тасгууд шилжсэн ч эмчилгээ үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа гэж аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Мөнхбат мэдэгдсэн. Өвчтөнүүдэд тухайн эмнэлгийн болон Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Холбоотой мэдээ