Аялал жуулчлалын салбарын хөгжилд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-14 17:32:17
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг нь байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газруудаар элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд, төрөл бүрийн нэн ховор, ховор  амьтан элбэгтэй хэдий ч төвөөс алслагдсан байршилтай, дэд бүтцийн хөгжил сул, үйлчилгээний чанар, нэр төрөл  цөөн, зар сурталчилгаа дутмаг зэргээс шалтгаалан аялал жуулчлалын хөгжил сул байсаар байна. 
Харин сүүлийн жилүүдэд орон нутгийн удирлагууд, төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, нутгийн иргэд, жуулчдын зохистой оролцоог хангадаг, эдийн засгийн үр ашигтай аялал жуулчлалын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч тодорхой эвент, арга хэмжээг зохиосоор байгаа билээ. Тухайлбал жил бүрийн өвөл “Мөнгөн өвөл” мөсний баяр, зун Их монгол элсний өвөрт орших байгалийн үзэсгэлэнт газар Эрээн нуурыг түшиглэн зохиодог “Элсний фестиваль”,  харин намар Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Ээж хайрхан уулыг түшиглэн “Ээжийн  элбэрэл” арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.
Энэ жил эдгээр арга хэмжээнүүдээс гадна нэн ховор, ховор амьтдыг төлөөлүүлсэн говийн гайхамшигт зургаан амьтныг /Тахь, Бөхөн, Хар сүүлт, Хавтгай, Мазаалай, Хулан/ сурталчлах, тархац нутгаар нь аялах, олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "Говийн гайхамшигт зургаа"-ийн нутаг буюу Говийн их дархан цаазат газарт багтах Бугат сумын Тахийн тал, Цогт сумын "Ээж хайрхан уул"-нд зорилтот бүлгийнхэнд чиглэсэн эко аялал зохион байгуулах юм.
Одоогоор аймгийн хэмжээнд жуулчдыг хүлээн авч байршуулах жуулчны бааз 2, зочид буудал 3, дэн буудал 22, амралт сувиллын газар 5 тус тус үйл ажиллагаагаа явуулдаг ба 2017 онд давхардсан тоогоор дотоодын 19124, гадаадын 1752 жуулчин иржээ. 
Байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, түүх соёлын дурсгалт газруудаа түшиглэн урд, хойд баруун гэсэн чиглэлийн маршруттайгаар жуулчдыг аялуулж байна. Жишээлбэл аялагч аймгийн урд чиглэлийн маршрутыг сонгосноор байгалийн өвөрмөц тогтоцтой нутгаар явган аялж элсэн манхан үзэх, наранд шарах, 30м өндөр хүрхрээ үзэх, Долоон тогоо, даянч ламын агуйгаар орох, жимсний төгөл үзэх, Онц, Хавтгай, Наран, Замт, Мөрөнгийн явар бүхий байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар аялж амрах боломжтой ажээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ