COP29: Н.Батхүү: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтийг нэмэгдүүлэхэд талууд онцгой анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-11-12 16:33:34

БАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүүгээс дараах мэдээллийг тодруулав.


Тэрбээр 
хэлэхдээ, "Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын хэсэг өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутгийн цагаар 14.30 цагийн орчимд, өөрийн эх орондоо ямар ажил хийж хэрэгжүүлж буйгаа илэрхийлж, тус хуралдаанд оролцоно.

COP29 хурлын хүрээнд Киодо, Парисын хэлэлцээр болон Шинжлэх ухаан технологийн, Конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг олон хурал, хэлэлцээр болдог. Монгол Улсыг төлөөлөн төрийн захиргаа, иргэний нийгэм, хувийн хэвшил, залуусын төлөөлөл бэлтгэлээ хангаж, өөрсдийн хариуцсан хэсгийн хуралд оролцож эхэллээ.  

Дэлхийн удирдагчдын Дээд түвшний уулзалт эхэлснээр олон талт хэлэлцээрүүд нэлээд эрчимждэг. Харин хамгийн сүүлийн хэлэлцээр энэ сарын 22-ны өдөр болно. Улмаар үр дүнгээ дүгнэн хэлэлцэнэ.  

Энэ жилийн онцлог гэвэл, санхүүжилтийн асуудалд бүх талууд онцгой анхаарч байна.

2009 оноос эхлэн хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг санаачилга яригдаж байгаа.

Энэ хүрээнд “Санхүүжилтийн шинэ зорилго” гэдэг баримт бичиг талуудад хүргэгдсэн. Хөгжиж буй орнуудын хувьд санхүүжилтийн хэмжээг 100 тэрбумд хүргэх амлалт дэвшүүлсэн. Улс орон бүр өөрийн хэрэгцээ шаардлага бүхий тооцоо, дүнг хүргүүлдэг. Үүнийг нэгтгэж, энэ хурлаар ярина. Одоогийн байдлаар тэрбумаар биш их наядаар тоологдох ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан. Тиймээс маш чухал, олон талын сонирхлыг татсан хэлэлцээр болно. Үр дүнд нь “Санхүүжилтийн шинэ зорилго”-ыг батална гэдэгт оролцогч талууд итгэлтэй байгаа.

Түүнээс гадна улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтод оруулж буй хувь нэмэр, төлөвлөсөн ажлынхаа хэрэгжилтийг Нарийн бичгийн дарга нарт тайлагнадаг. Хоёр жил тутамд Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлын тайлангаа хүргүүлдэг. Бид өнгөрсөн жил хүргүүлсэн. Мөн “Дасан зохицох үндэсний төлөвлөгөө”-г баталсан. Нөгөө талаар улс орнууд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ тодорхойлдог онцлогтой. Бид үүгээр, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулна гэж төлөвлөсөн. Улмаар 2050 онд дэлхий нийтийн нийтлэг зорилтын дагуу тэглэхийг эрмэлзэнэ. NDC 3.0 хэмээн нэрлэгдэж буй энэхүү баримт бичгийг боловсруулах ажлыг холбогдох төрийн байгууллагуудын оролцоотой хийж байна.  

Манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, хэмжих, баталгаажуулах ажлаа тогтмол хийж байгаа. Хэдийгээр хүлэмжийн хийн ялгарал бага ч хүн ам, эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулахад өндөр.

Иймд ойн экосистемийг сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай болгох хийгээд газар ашиглалтын чиглэлд анхаарах хэрэгтэй байгаа. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалтын хүрээнд ХАА, эрчим хүчний салбарт голчлон анхаарах ёстой. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний асуудлыг Засгийн газар идэвхийлэн дэмжиж байгаа. Харин газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бидэнд бий. Ойн салбарт мөн боломж бий гэж анхаарч байгаа.

Ийм ч учраас “Тэрбум мод” зэрэг хөдөлгөөн нь хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй. Гэхдээ бид зорилтоо ахиулан тодорхойлох үүрэгтэй.

Дэлхийн бусад улс оронд “Тэрбум мод”-той ижил төсөөтэй үндэсний хөдөлгөөн олон бий. Зөвхөн мод тарихаас гадна байгалийн ойг хамгаалах, дасан зохицох чадамжтай ой бий болгох чиглэлд анхаарч байна" хэмээв.

Холбоотой мэдээ