Чөлөөт бүсийг түшиглэн 100 мянга гаруй ажлын байр шинээр бий болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-12 14:25:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга С.Амарсайхан болон НИТХ-ын зарим төлөөлөгчид өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Ардын их хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Улаанбаатар болон Улан-Удэ хот нь 1995 оноос хойш ах дүү хотын сайн харилцаатай байсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд хотын удирдлагууд олон ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн Манай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайн байгаа цаашид ч олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Тэр дундаа аялал жуулчлал, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг харилцан хамтран ажиллахад бидний зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх болно” гэлээ. Мөн Улаанбаатар хотод эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах, тогтовортой хөгжлийн суурь байх ёстой гэж үзэж саяхан НИТХ-аар хэлэлцэж цаашид нарийвчилсан судалгаа тооцоо хийж бодит ажил болгохоор эхлүүлээд байна. Чөлөөт  бүсийг түшиглэн 100 гаруй мянган ажлын байр шинээр бий болгох бөгөөд энэ хүрээнд хоёр хот аялал, жуулчлал, худалдаа, үйлдвэрлэл, санхүүгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа нягт болгох боломжтой гэдгийг онцоллоо.

Буриад улсын Ардын их Хурлын дарга ноён Доржиев Цырен-Даши Эрдынеевич аялал жуулчлалын чиглэлээр Улаанбаатар, Эрээн, Улан-Удэ чиглэлд аялах жуулчдыг зохион байгуулах ажлыг эрчимжүүлж байгааг дурьдав. Мөн Улаанбаатар, Улан-Үдэ хотын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтын ажиллагаа өрнүүлэх салбар, чиглэлүүдээ нарийн тусгаж хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ. 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ