ДАРХАН-УУЛ: Сэтгэл зүйчид хандаж буй иргэдийн 40 гаруй хувь нь хүүхдүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-11-20 17:00:02

Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын сэтгэл зүйчид хандаж буй иргэдийн 40 гаруй хувь нь өсвөр насны хүүхдүүд байна. Тэд нийгэм, гэр бүлийн орчин, найз нөхөд, сургуулийн орчноос ирж буй сөрөг мэдрэмж, стресст өртсөнөөс ганцаардах, сурлагын чанар муудах зэрэг таагүй үр дагавруудтай нүүр тулдаг байна.


Түүнчлэн хүүхдийн утас 108 дугаарт долоо хоногт 10-11, улиралд 130 орчим дуудлага ирдэг. Ихэвчлэн сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн, эцэг эх, саран хамгаалагчид нь үл хайхрах болон хүүхдийн дэргэд архидан согтуурсны улмаас сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага мэдээлэл ирж байгаа нь хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг байна.


Мөн сургуулийн орчинд багш нарын харилцаа хандлага, ялгаварлан гадуурхалтаас шалтгаалан хүүхэд сэтгэл зүйн дарамтад орох тохиолдол  байгааг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүд онцолж байна.




Тиймээс хүн бүр хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж тэднийг сонсох, ойлгох, ярилцах нь үл хайхрах байдлаас үүдэлтэй хямралд өртөхөөс хүүхдээ хамгаалах шилдэг арга гэдгийг сэтгэл зүйч зөвлөж байна.


Нөгөөтээгүүр хүүхдийн утас 108 дугаарт ирсэн дуудлага мэдээллийн мөрөөр хамтарсан багийнхан нөхцөл байдлын судалгаа, үнэлгээг хийж, тодорхой шат дараалсан арга хэмжээг тухайн цаг үед авч хэрэгжүүлдэг. Гэвч бодит үр дүнг сайжруулахын тулд салбар дундын хамтын ажиллагаа чухал шаардлагатайг ч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын сэтгэл зүйч, мэргэжилтнүүд хэлж байна.



 

Холбоотой мэдээ