Ямашита Маморү: Тэтгэврийн сангийн хөрөнгө бол улсын мөнгө биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunzaya@montsame.mn
2017-06-22 18:39:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсад Жайка олон улсын байгууллагаас Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх “Шинрай” төслийг  хэрэгжүүлээд  нэг жил өнгөрч байна.  Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих  эл төсөл нийгмийн даатгалын салбарын  үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ тэтгэврийн даатгалын хэтийн төлвийг тооцоолох актуар тооцооллын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэж байгаа аж. Ингээд “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү, мэргэжилтэн Таканаши Акихиро, Сургагч багш Масами Сугаяа нартай уулзаж, мэдээлэл авснаа хүргэе.

        "ИРГЭНД ХҮРЭХ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ НЭГ ТҮВШИНД БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"

Уулзалтын эхэнд “Шинрай” төслийн, мэргэжилтэн Таканаши Акихиро төслийн хэрэгжилтийн  явцын талаар танилцуулсан юм. 




Тэрээр ярихдаа, “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх “Шинрай” төсөл Монгол Улсад  2016 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2020 он хүртэл үргэлжилнэ. Дээрх төслийн хүрээнд Нийгмийн даатгалын салбарын үйл ажиллагааг сайжруулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр системтэй  сургалтын тогтолцоог бүрдүүлэх,  актуар тооцооны мэргэжилтэн бэлтгэх гэсэн үндсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсын нийгмийн даатгалын байгууллагын хувьд  өдөр тутмын үйл ажиллагаа нь нэгдсэн стандартгүйгээс үүдэлтэй хэлтэс бүр өөр, өөр чиглэлтэй ажиллаж байсан. Үүнээс болж иргэнд хүрэх үйлчилгээ нь нэг түвшинд байж чадахгүй байгаа юм. Тиймээс  үйл ажиллагааг  нэг стандартад оруулахын тулд төслийн нэгжээс гарын авлага болон ажлын зааврыг боловсруулж байна. Мөн төслийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтийн мэргэжилтнүүдийг долоо хоног бүр сургалт, семинарт хамруулж байна. Улмаар Японд жилд хоёр удаагийн сургалт, танилцах аяллыг зохион байгуулж буй юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард Японд болсон сургалтад 15 монгол ажилтан оролцож Японы Хөдөлмөр эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Тэтгэврийн даатгалын байгууллага, Хоккайдогийн их сургуулиар зочлон тэтгэврийн даатгалын тогтолцоо болоод хэрэгжүүлж буй үйл явцтай танилцсан.  Харин  2 дахь сургалт өнгөрсөн тавдугаар сард болсон бөгөөд оролцогсод  Хүн ам зүйн судалгааны институт, Шизүока, Кэйо их сургуулиуд болон хүн ам зүйн тэтгэврийн ирээдүйн судалгаа хийдэг Ниссэй суурь судалгааны институтийн туршлагыг судлаад ирлээ. Сургалт хөгжүүлэх чиглэлээр Японоос богино хугацааны мэргэжилтэн урьж, нийгмийн даатгалын салбарын үйлчилгээг сайжруулах болон сургагч багш бэлтгэх сургалтыг явуулж байна.  Нийгмийн даатгалын өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэдэгт мэдлэг, мэдээлэл олгохоор  Японоос Сургагч багш Сугаяа  Монголд  ирээд байгаа ” гэлээ.

             "ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  АЖИЛТНЫ ЭХНИЙ МЭНДЧИЛГЭЭ ИНЭЭМСЭГЛЭЛЭЭС ЭХЭЛДЭГ"

Үйлчилгээний салбарын ажилтны эхний мэндчилгээ инээмсэглэлээс эхэлдэг хэмээн Сургагч багш Сугаяа яриагаа эхэлсэн юм.




Тэрээр, “Ижил зорилготой 20 үйлчлүүлэгчид бүрэн дүүрэн ойлголт өгч, сэтгэл хангалуун буцаах нь нийгмийн даатгалын ажилтны гол үүрэг юм. Хангалттай мэдээллээ авч чадахгүй, сэтгэл дундуур үлдэнэ гэдэг бол тухайн ажилтны харилцаан дээр дутагдал байгааг илтгэнэ. Тиймээс би сургалтаар тухайн мэргэжилтнээр өөрөөр нь мэдрүүлэх, танд үйлчилж буй хүн ингэж хандвал ямар мэдрэмж төрж байна гэсэн кэйсийг түлхүү ашигладаг. Түүнчлэн нэг цонхон дээр ажиллаж буй ажилтан бүх зүйлийг тайлбарласан гээд үйлчлүүлэгчийг орхиж болохгүй. Гол нь тухайн мэдээллийг ажилтан мэдэж байгаа шиг үйлчлүүлэгч ойлгож чадаж байна уу гэдэгт анхаарах ёстой. Хүн бүрийн ойлгоц өөр байхаас гадна тухайн хүний сэтгэл санааны байдал ямар байна вэ гэдгийг ажилтан нарийн ажиглаж харьцах хэрэгтэй. Зарим хүмүүсийн ар гэрт асуудал үүсээд сэтгэл санаа нь тогтворгүй байх гээд хүн бүр өөр өөр шүү дээ.   Тиймээс мэргэжилтэн тухайн үйлчлүүлэгчээ эхлээд “уншиж” сурах хэрэгтэй. Би сургалт явуулахдаа  хүнд ойлгуулах чадварыг суулгах үүднээс зураг өгөөд тайлбарлуулдаг юм. Нэг ижил зураг өгөөд тайлбарлуулахад өөр өөр дүр зураг гарч ирнэ. Хайнга тайлбарлах зэрэг алдаа их гаргадаг. Иймээс онолоор тайлбар өгөөд хүн ёсны хандлага, биеийн хэлэмжинд анхаарах ёстойг хэлдэг. Ажилтан утсаа оролдоод танд үйлчлэхгүй байвал ямар сэтгэгдэл төрөх вэ. Мэдээж тухайн үйлчлүүлэгчид таатай санагдахгүй. Би хүмүүст их энгийн зүйлээс эхлэхийг зөвлөдөг. Өглөө ажил дээрээ ирээд хүмүүсийн нүд рүү эгцлэн хараад инээмсэглэж мэндлэх дасгал хийхийг зөвлөж байгаа. Монголчуудын хувьд их  шулуухан үгтэй хүмүүс. Тэд өмнө нь ингэж мэндэлдэггүй байсан гээд ний нуугүй хэлдэг юм./Инээв/  Нөгөөтэйгүүр үйлчилгээний цонхон дээр ажиллаж буй ганцхан хүнээс нийгмийн даатгалын ажил  хамаарахгүй. Бүх зүйл уялдаа холбоотой. Удирдлагуудын зүгээс төслийн үр дүн буюу орлого бүрдүүлэлт хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ гэж их асуудаг л даа. Үйл ажиллагааг сайжруулах үе гэж бий.  Хэт үр дүнг шаардах нь зохимжгүй.  Эндээс тэдэн төгрөг оруулна гээд тухайн ажилтнууд үйлдэл дээрээ анхаараад бусдыг нь орхичихдог талтай.  Тэд орлогоо бүрдүүлэхийн төлөө яваад байдаг. Гэтэл харилцан хамааралтай эерэг харьцаа байхгүйгээс хамт олны ажил урагшлахгүй. Зөв харьцааны үр дүнд хүний ухамсар дээшилнэ. Байгууллагын дотоод харилцаа эерэг байснаар үр дүн гаргана гэдгийг хамгийн түрүүнд ойлгох ёстой” хэмээв.


  “МӨНГӨ ҮРГЭЛЖ ЭРГЭЛДЭХ ЁСТОЙ” 
 
“Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү дараах асуултад  ийнхүү хариулав.

-“Шинрай” хэмээх төслийн нэр их сонирхол татлаа. Энэ ямар утгатай үг вэ?

-Нийгмийн даатгал гэдэг бол итгэлцэл дээр тогтдог. Даатгалын шимтгэлийн талаар асуух эсвэл төлөхөөр очиход нэг цонхон дээр ажиллаж буй ажилтан таны итгэлийг даахуйц үйлчилгээ үзүүлж чадаж байна уу. Хэрэв чадахгүй бол шимтгэлээ төлөх ямар ч сонирхолгүй болно биз дээ. Мөн та 30 жилийн дараа төлсөн шимтгэлийнхээ дагуу тэтгэвэрээ эргүүлж авч чадах уу, үгүй юу гээд  бүх зүйл итгэлцэл дээр явж байгаа. “Шинрай” гэдэг бол итгэлцэл гэсэн үг. Энэ утгаараа Нийгмийн даатгалын тогтолцоо иргэдийн итгэлцлийг бий болгож, сайн хөгжөөсэй гэдэгт бид анхаарч ажиллаж байна. Нийгмийн даатгалын байгууллага дээр төсөл хэрэгжүүлж  байгаа болохоор төслийн нэрийг ийнхүү нэрийдсэн юм.

- Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр иргэд сайн дураар даатгал төлдөг болсон. Сайн дураар даатгал төлөх малчид болон ажил эрхэлдэггүй хүмүүс  шимтгэлээ алдаг оног төлөх явдал  бий. Харин Японд 20-60 насныхан даатгалд заавал хамрагдаж шимтгэлээ төлдөг. Тиймээс  даатгалыг сайн тогтолцоо руу шилжүүлэхийн тулд Монгол Улс ямар шинэчлэл хийх ёстой вэ?

- Хүн хэзээ нэгэн цагт  өндөр настай болно. Улмаар эрсдэл тохиолдохыг хэн ч хэлж  мэдэхгүй. Осол аваар,  өвчин гэдэг бол  малчин, төрийн сайд хэнийг ч  ялгахгүй ирдэг. Тиймээс ажил эрхэлж буй хүн бүр нийгмийн даатгалын шимтгэлээ сар тутамд төлөх ёстой. Энэ хэрээрээ үр шимийг нь хүртэнэ. Эрсдэл тохиолдсон үед  ч  даатгалын үр шимийг хүртээд л явдаг. Даатгалын талаар би мэдэхгүй, ямар ч ойлголтгүй  гэх нэгэн байхад зарим хүмүүс итгэдэггүй гэлцдэг. Тиймээс улс иргэндээ нийгмийн даатгалын тогтолцоо болон үр шимийг нь сайтар ойлгуулах ёстой. Нөгөөтэйгүүр итгэхгүй байгаа хүмүүст итгэлийг нь  төрүүлэх хэмжээний тогтолцоог бий болгох нь чухал.

-Ний нуугүй хэлэхэд манай Тэтгэврийн сан хүндхэн байгаа. Мэдээж та бүхэн судалсан байх.  Үүнээс болоод ОУВС-гаас тэтгэврийн насыг 6 сараар нэмэхийг зөвлөж, УИХ үүнийг хуульчилсан. Чадамжтай тэтгэврийн сантай болохын тулд Монгол Улс цаашид яах ёстой вэ?

- Яах аргагүй энэ бол асуудал. Шимтгэлээ төлөөд явж байгаа залуучуудын  хувьд 20 жилийн дараа төлсөн шимтгэлээ авч чадах уу гэдэгт эргэлзэх нь дамжиггүй.  Үүнийг шийдэхийн тулд яаж мэдэх ёстой вэ гэхээр 50 жилийн ирээдүйг харсан тооцоо хийх хэрэгтэй.  Монгол Улс залуучуудын орон. Хүмүүс 20 жилийн дараа хэдэн настай болох вэ гэдгээ бүгд мэднэ. Үүнтэй адил 20 жилийн дараа сэтгүүлч та  хэдий хэмжээний тэтгэвэр авах вэ гэдгээ мэдэж байх ёстой. Тиймээс тухайн улс  20-40 жилийн дараа насжилт хэр байх юм. Хөдөлмөрийн насныхан хэд болох вэ, тухайн үед эдийн засгийн өсөлт ямар байх вэ гэдгийг тооцсон байх ёстой. Үүндээ зохицуулан хэдий хэмжээний шимтгэл авбал хэр хэмжээний мөнгө санд хуримтлагдаж, хэдийг нь тэтгэвэрт өгөх боломжтой вэ гэсэн тооцооллыг хийх боловсон хүчин буюу актуар тооцооны мэргэжилтнийг Монгол Улс бэлтгэх шаардлагатай байгаа. Ийм боловсон хүчнийг бэлтгэхээр манай төслийн нэгж ажиллаж байна.





-Тэтгэврийн сангийн хөрөнгө рүү дур мэдэн орох, улмаар төсөвт мөнгийг зарцуулах явдал байж болох зүйл мөн үү. Энэ сангийн хөрөнгийн эзэн нь хэн бэ?

-Тэтгэврийн сангийн хөрөнгө хэний мөнгө вэ гэдгийг эхний ээлжинд тодорхойлох ёстой. Энэ сангийн хөрөнгө бол улсын мөнгө биш. Өнөөдрийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, хэн нэгэн сайд дарга нарын зарцуулах мөнгө биш юм. Энэ бол үе, үеийн шимтгэл төлөгчдийн мөнгө. Өндөр насалсан үедээ хэрэглэх зорилгоор шимтгэлээ төлж бүрдүүлсэн сангийн хөрөнгийг өөр зорилгоор хэрэглэнэ гэдэг бол  шимтгэл төлөгчийн итгэлийг алдсан хэрэг болно. Мөн тэдэнтэй байгуулсан гэрээгээ зөрчиж буй үйлдэл юм. Тиймээс ямар ч улс орон  юуны тулд шимтгэл төлөх ёстой вэ, тухайн шимтгэлийг юунд зарцуулах вэ гэдгээ маш сайн тодорхойлох ёстой. Монгол Улсын хувьд хүн амд эзлэх өндөр настны тоо  5 хувиас хэтрэхгүй байгаа. Үүнээс үзэхэд хуримтлал үүсч чадах бүрэн боломж бий.

- Гадны жишээнээс харахад Тэтгэврийн сангийн хөрөнгийг өсгөхөд нэлээн  анхаардаг. Монгол Улсын хувьд тэтгэврийн сангаа  ямар хувилбараар өсгөх боломжтой гэж та харж байна вэ?

-Сангийн хөрөнгийг өсгөх нь Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхны хийх ажил биш. Тэдний үүрэг бол  иргэдээс шимтгэлийг нь цуглуулах, эргээд тэтгэвэр тэтгэмжийг нь олгох явдал юм. Японы туршлага бол хуримтлалыг өсгөхийн тулд хөрөнгө оруулалт хийх замаар зээл олгож баяжуулдаг.  Өөрөөр хэлбэл хүүтэй мөнгө зээлнэ гэсэн үг.  Хүү нь зах зээлийн зарчимтай адил хэмжээнд байна. Улмаар тэтгэврийн сангийн хөрөнгийг зээлэхдээ  маш хатуу гэрээтэй зээлдэг. Тухайн байгууллага зээл аваад хөрөнгө нь өсөөгүй байсан ч хамаагүй хүүгээ хатуу тооцож авдаг. Үүнийхээ үр дүнд Япон улс хүүний мөнгөөр Хурдны галт тэрэгний сүлжээ, ДЦС-ууд барьсан. Дэд бүтцэд хөрөнгө оруулж чадсан. Монгол Улс өнөөдөр гаднаас зах зээлийн хүүнээс өндөр хүүтэй зээл  авч байна. Тиймээс эхний ээлжинд хуримтлалаа бий болгоод тэтгэврийн сангийнхаа хуримтлалын мөнгөнөөс зээлэх боломж харагдаж байгаа.

-Тэтгэврийн даатгалын тогтолцоог олон тулгууртай болгох ёстой гэдгийг эдийн засагчид хэлдэг. Хувийн тэтгэврийн санг бусад орнууд маш сайн хөгжүүлээд явж байна. Харин манай улсад “Ард” даатгал, “Голомт” банк гээд цөөн хэдэн байгууллага энэ чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд хувийн компанид найдсанаар дампуурах вий гэсэн болгоомжлол бий. Энэ эрсдлээс хамгаалахын тулд иргэн хүн яах ёстой вэ?

-Монголд үнэхээр хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо бүрдээгүй байна. Та 30 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төллөө гэж бодьё. Гэтэл тэтгэвэрт гарах үед чинь тухайн хувийн тэтгэврийн даатгалын компани дампуурсан байвал яах билээ. Тэгэхээр юуны өмнө  Монгол Улс даатгуулагчийн эрхийг зөв тодорхойлж өгөх ёстой. Тэдний эрх ашгийг хамгаалсан хууль эрхзүйн орчныг бий болгох хэрэгтэй. Хувийн даатгалын компани  20-40 жилийн дараах хэтийн тооцооллыг хийж чаддаг актуар тооцооллын маш өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэнтэй байх ёстой гэдгийг би дээр дурдсан.Та 20 өндөг худалдаж аваад  нэг уутанд хийе гэж бодьё. Гэтэл өнөөх уутаа унагачихлаа. Бүгд хагарна биз. Тиймээс энэ эрсдлээс хамгаалахын тулд 20 өндөгөө ганц саванд бус олон саванд хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шимтгэлээ ганц газар даатгаад орхино гэдэг бол  эрсдэлтэй алхам гэдгийг өндөгтэй зүйрлэсэн юм. Хүн ирээдүйн баталгаагаа хангахын тулд хамгийн түрүүнд  улсын тэтгэврийн санд шимтгэл төлөх шаардлагатай.  Хоёрдугаарт хувийн тэтгэврийн санд мөнгө төлөх ёстой. Гуравдугаарт хуримтлал үүсгэх гээд эрсдлээс хамгаалах олон арга бий. 

- Тэтгэврийн даатгалын хэтийн төлвийг тооцоолох актуар тооцооны мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй гэж та дээр хэлсэн. “Шинрай” төслийн хүрээнд Монгол Улсад хичнээн актуар тооцооны мэргэжилтэн бэлтгэх вэ?

- Японд хувийн тэтгэврийн даатгалын салбарт актуар тооцооны мэргэжилтнүүд  олон бий. Харин улсын нийгмийн даатгалын салбарт10 гаруй мэргэжилтэн л бий. Монголд  10 -аад мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөж байна. Актуар тооцооны мэргэжилтнүүдэд  тухайн мэдээллийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх, ур чадварыг суулгах юм. Монгол Улс мөнхийн залуу явахгүй. Ирээдүйд насжилт явагдана гэдэг нь тодорхой болсон. Насжилт явагдаж эхлэхээс өмнө хэдий хугацаанд хэд орчим хувьтай насжилт явагдах вэ. Тухайн үед  хөдөлмөрийн насны залуучууд хэд байх юм. Үүнээс хэдий хэмжээний шимтгэл цуглуулбал ирээдүйн тэтгэвэрт хэдийг өгөх вэ гэдгээ Монгол Улс яаралтай тооцох шаардлагатай. Түүнчлэн иргэд  өнөөдөр төлсөн шимтгэлийн хэдэн хувийг нь зарцуулаад хэдэн хувийг  цааш нь хуримтлуулсан юм бэ гэдгийг  мэдэж байх ёстой. Юуны түрүүнд энэ тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна.

-Эрүүл мэндийн даатгалын сайн тогтолцооны жишиг рүү явахын тулд манай улс юунд анхаарах ёстой вэ. Японы  туршлагаас хуваалцахгүй юу?

-Хүн гэнэт өвдөөд эмнэлэг рүү яаралтай очлоо гэж бодьё.  Ийм тохиолдолд Америкт бол мөнгөө төлөөд ир гэнэ. Харин Японд бол ямар ч мөнгөний асуудлыг ярьдаггүй. Яагаад мөнгө асуухгүй байна вэ гэхээр ЭМД-аас ихэнх  мөнгө нь гардаг учир үүнд эргэлзэх зүйлгүй. Манай улсад  ЭМД-аас эм, эмчилгээ, эмнэлэгт хэвтэх зардлын тарифыг улсаас нэг түвшинд тогтоож өгдөг. Хэн нэгэн хүн өвдөхөд оношлуулахаас эхлээд мэс засал хийлгэх хүртэлх зардлыг ЭМД-аас гаргадаг учир бага төлбөр гардаг. Олон хүний шимтгэлийн үр нөлөө ийнхүү эрүүл мэндийн салбарт гарч буй нь энэ юм.  Ерөнхийдөө Японы эрүүл мэндийн тогтолцоо нь социализмын үеийнхээр явж байна гэж хэлж болно. ЭМД-аар улсын болон хувийн эмнэлгүүд нэг ижил үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ нэг үнээр үйлчилдэг.  Энэ нь иргэндээ болон үйлчилж байгаа эрүүл мэндийн байгууллагад амар тогтолцоо юм. Харин Монгол Улсын хувьд улсын болон хувийн эмнэлгийн үйлчилгээ  өөр, өөр. Улсын эмнэлэг л ЭМД-аар үйлчилдэг байх жишээтэй. Үүнийг би буруу тогтолцоо гэж хардаг. Зах зээлийн эдийн засаг руу шилжсэн ч гэсэн эмнэлгийн үйлчилгээн дээр социалист тогтолцоо нь илүү иргэндээ ойртоно. Хүн дэлгүүрт ороод  таалагдсан хувцсаа сонгодог. Харин эрүүл мэндийн үйлчилгээн дээр  би энэ эмчилгээг нь авна үүнийг авахгүй гэж хэлэх боломжгүй. Тиймээс эрүүл мэндийн салбарт жигд тариф, нэг ижил үйлчилгээтэй байхаас гадна улс, хувийнх хэмээн ялгалгүй ЭМД-аар үйлчлэх ёстой.

-Монгол Улс хөгжлөө дөтлөхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. Дундаж орлоготой хүмүүс нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт ирнэ гэдэг. Энэ асуултаар яриагаа өндөрлөе?

-Азийн орнуудын хөгжлийн түвшинг харахад өндөр  хөгжилтэй орон болох нь ховор. Үүнийг “дундаж орлогтой улс орнуудын хавх” гэж нэрлэдэг. Тухайн улс хөгжиж буй орноос дундаж орлоготой орон болохын тулд өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогоо цаашид тэр хэвээр үргэлжлүүлбэл хөгжингүй орон болж чадалгүй, тодорхой нэг цэгт хүрээд эдийн засаг нь зогсонги байдалд орохыг хэлдэг. Монгол Улс 2011 оны  үед эдийн засгийн огцом өсөлтийн дүнд дундаж орлоготой орны тоонд багтсан. Харин цаашид хөгжингүй орон болохын төлөө авч хэрэгжүүлэх шаардлагатай нэг чухал зүйл бол “дундаж давхаргын өрхийн тоог нэмэгдүүлэх” явдал юм. Японд өндөр орлоготой иргэд орлогынхоо хэмжээгээр их татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж, харин бага орлоготой давхрагынхны авч буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ их байдаг. Манай улсад “мөнгө үргэлж эргэлдэх ёстой” гэсэн утга бүхий зүйр үг бий. Та хичнээн мөнгөтэй байгаад тэрийг зөвхөн хадгалаад нэмэргүй. Харин хэрэглэвэл хэзээ нэгэн цагт тэр мөнгө буцаж ирдэг гэсэн санааг хэлж байгаа юм л даа. Төр өндөр орлоготой иргэдээсээ их татвар авч, үүгээрээ ядуурал болон орлогын хэт зөрүүг багасгаж чадвал яваандаа улс орон хөгжиж, өндөр орлоготой иргэдэд ч ашиг тусаа өгдөг. Хөгжингүй орон болох гол түлхүүр нь үүнд оршиж байгаа юм.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ