Монголын туялзуур сэлмийн холбооны ерөнхийлөгчөөр А.Ганхуягийг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын туялзуур сэлмийн холбоо /МТСХ/-ны ээлжит IV цахим чуулган бямба гарагт болж, “Премиум” группийн ТУЗ-ын дарга Адилбишийн Ганхуягийг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгов.
Чуулганаар 2021-2025 онд МТСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр З.Номундарь, А.Ганболд, С.Бат-Ерөөлт, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Гантулга нарыг сонгон ажиллуулахаар болсон байна. Тус чуулганд 5 клубийн 80 төлөөлөгч оролцжээ.
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, шефийн харилцаатай Японы Аомори мужийн Имабэцү хотын төлөөлөгч К.Ёшихико нар чуулганд баяр хүргэж үг хэлжээ.
Япон улсын Аомори мужийн Имабэцү хот нь сүүлийн 5 жилийн хугацаанд Холбооны үйл ажиллагааг дэмжиж ирсэн билээ. Тэд цаашид спорт, соёл, боловсролын олон төслийг хамтран хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.
Хоёр талын энэ хамтын ажиллагааны үр дүнд спортын мастер Б.Амарзаяа Узбекистаны Ташкент хотноо болсон “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнээс анхны медалийг хүртээд байна.
МТСХ-ны
Ерөнхийлөгч А.Ганхуягийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгожээ. Шинэ
ерөнхийлөгч, туялзуур сэлмийн спортыг улсдаа эрчимтэй хөгжүүлэх, улмаар олон
улс, тив дэлхийн наадамд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх, туялзуур сэлмийн спортыг
сурталчлах үйлсэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн юм.
Ташрамд дуулгахад,
МТСХ-ны ерөнхийлөгчөөр өмнө нь 2009-2013
онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, 2013-2017 онуудад
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий
захирал Ц.Даваацэрэн, 2017-2021 онуудад “Жи-мобайл” ХХК-ийн захирал Г.Дашням нар
ажиллаж байсан юм.