БАЯНХОНГОР: Ажлын хувцасны үйлдвэртэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ажлын хувцасны үйлдвэр байгуулахаар болжээ.
Тодруулбал, оёдолчид нэгдэн нийлж "Номгон хонгор мандал" ХХК байгуулж, туршлага судлан, ажлын хувцас оёх сургалтад хамрагдаж байна. Мөн аймгийн Ажилсаг төвд ажлын байрны засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд тоног төхөөрөмжийн захиалгаа ч өгөөд байгаа аж.
Ажлын хувцасны үйлдвэрт ажиллахаар 20 гаруй оёдолчин нэгдээд байгаа бөгөөд 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ оны хоёрдугаар улирлаас ажиллаж эхлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрийн хувцсыг Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулах уул уурхайн компанид нийлүүлэх юм байна.