“Эко тэмдэг” бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэл ногоон санхүүжилт авах баталгаа болдог
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын Тогтвортой санхүүгийн форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулах гэж байна.
Форумыг угтан өнөөдөр
“Улаанбаатар галлерей”-д “Ногоон болон тойрог эдийн засагт хүрэх зам: Олон
улсын туршлага, хамтын ажиллагаа” сэдэвт ажил хэргийн уулзал, хэлэлцүүлэг
боллоо.
Тодруулбал, Монгол Улсад
эко-тэмдэгжүүлэлтийн тогтолцоо буюу байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж,
түүнийгээ баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд анх
удаа ажил хэргийн уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ТоС, “Пипл
ин Нийд” олон улсын байгууллага, ХААН банк зэрэг байгууллага хамтран зохион
байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт
дэлхийн 60 гаруй орныг хамарсан 40 орчим гишүүнтэй олон улсын “Эко тэмдгийн сүлжээ”
(Global Ecolabelling Network) байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Гарет
Жонсон урилгаар оролцож, олон улсын туршлага, эко тэмдгийн ач холбогдол,
боломжийн талаар туршлага хуваалцлаа.
“Ногоон болон тойрог эдийн
засагт хүрэх зам: Олон улсын туршлага, хамтын ажиллагаа” уулзалтаар, Монгол Улс
2030 онд хүлэмжийн хийн ялгарлын 22.7 хувь бууруулах үндэсний стратеги баталсныг
онцлон, үйлдвэрүүдээс гарч буй хүлэмжийн хийн ялгарал нь энэхүү бохирдлын
ихээхэн хэсгийг бүрдүүлж буйг дурдлаа. Тиймээс үйлдвэрүүд үйл ажиллагаагаа
тойрог буюу байгальд ээлтэй загварт шилжүүлэх нь дээрх зорилгод хүрэх томоохон
алхам болох талаар хэлэлцлээ.
Олон улсад ус, эрчим хүчээ хэмнэх, хог хаягдлаа багасгах, ангилан ялгаж, дахин боловсруулах зэргээр байгальд орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулсан үйлдвэрүүд түүнийгээ стандартаар баталгаажуулан “Эко тэмдэг” авах боломжтой байдаг. Энэ нь тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ цэнийг хэрэглэгч нарт таниулах маркетинг болохоос гадна ногоон санхүүжилт авах, бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд гаргахад баталгаа болох зэрэг олон давуу талуудыг үүсгэдэг талаар уулзалтын зочин илтгэгч Гарет Жонсон танилцуулсан юм.
Тэрбээр, дэлхийн тогтвортой хөгжлийг
хурдасгахад “Эко тэмдэг”-ийн ач холбогдлыг доорх байдлаар тайлбарлалаа. Үүнд:
- Байгаль орчны нөлөөллийг “Эко
тэмдэг”-ээр дамжуулан тодорхойлох,
- Тогтвортой, төрийн ногоон
худалдан авалтыг дэмжих,
- “Эко тэмдэг”-ээр дамжуулан
гадаад худалдаа, экспортыг дэмжин, харилцан хүлээн зөвшөөрдөг талаар мэдээлсэн
юм.
Манай улсын хувьд дээрх тогтолцоог бий болгох шат дараатай үйл ажиллагаа зохион байгуулж, 2024 оны 10 дугаар сард холбогдох үндэсний 5 багц стандартыг батлуулаад байна.