Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-10 20:07:04

БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг түр зогсоожээ. Сирид Ерөнхийлөгч Башар аль-Асадын засгийн газар унасны дараа ийм шийдвэр гаргасан байна. 


Герман улс Сирийн дүрвэгсдэд орогнол олгох үйл явцыг түр зогсоох шийдвэр гаргаснаа даваа гарагт зарлажээ. Герман бол Сирийн хамгийн олон иргэн амьдардаг улс юм. Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фазер мэдэгдэхдээ, Германд ирсэн олон дүрвэгчид эх орондоо эргэж очих найдвар төрж байна гэв.


Гэсэн хэдий ч Сири дэх нөхцөл байдал одоогоор маш тодорхойгүй байгааг тэрбээр дурдаад, Германы эрх баригчид нөхцөл байдал тодорхой болтол орогнол олгох үйл явцыг түр зогсоох шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.


Түүнчлэн Их Британи, Бельги улсууд Сирийн иргэдийн орогнол хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Швед, Франц улсуудын хувьд ойрын өдрүүдэд ийм алхам хийх төлөвтэй байна.


НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ, Сирийн олон сая дүрвэгч эх орондоо эргэн очих нь хэр аюулгүй болохыг сайтар судалж байна гэжээ. Тэрбээр мөн эдгээр дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

 


Холбоотой мэдээ