Францын хотуудад болсон жагсаалд 26 мянга гаруй хүн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-12-13 12:18:54

ПАРИС. /RT/. Францын эрх баригчдын санаачилсан "Дэлхийн аюулгүй байдлын тухай" хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт дахин болсон тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлэв.


"Бямба гарагт болсон эсэргүүцлийн ажиллагаанд 26417 хүн оролцсон бөгөөд үүнээс 5 мянга орчим нь нийслэл Парис хотод жагссан" гэж Францын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Тус яамны мэдээлж буйгаар 12 дугаар сарын 5-ны өдөр улс даяар 57 мянга гаруй хүн жагссан бол анхны жагсаалд 133 мянга гаруй хүн оролцжээ. 


Дотоод хэргийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр, бямба гаргийн жагсаалын үеэр цагдаа нар 164 хүнийг баривчилснаас 124 нь Парист саатуулагджээ. Нийслэл хотод баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь халив, эрэг чангалах түлхүүр болон бусад эд зүйлийг биедээ авч явж байсан тул саатуулагдсан байна. Бусад нь жандарм руу шил, утаат бөмбөг шидсэн хэргээр баривчлагджээ.


"Дэлхийн аюулгүй байдлын тухай" хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Францад гурав дахь удаагаа болсон байна. Жагсагчид хуулийн төслийн цагдаа нарын нүүр царайг тод харуулсан гэрэл зургуудыг интернэтэд байрлуулах, мөн тэдний хаяг, овгийг оруулсан хүмүүст өндөр торгууль, хорих ял оногдуулах тухай 24-р зүйл заалтыг эсэргүүцэж байгаа юм. Энэхүү заалт нь "үг хэлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөнд халдаж байна" гэж жагсагчид үзэж байгаа аж.


Засгийн газрын төслийг эсэргүүцсэн жагсаалууд энэ удаад Парис хотоос гадна Бордо, Дижон, Лилль болон бусад хотуудад болжээ. Лион хотод цагдаа нар эмх замбараагүй байдалд өдөөн турхирахыг оролдсон хүмүүсийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Страсбургт болсон жагсаалд 1300 гаруй хүн оролцжээ.


Холбоотой мэдээ