С.Амарсайхан: Гадаадаас ирэх иргэдийн тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын ээлжит хуралдаанаар энэ сарын 23-наас нийт аж ахуйн нэгжийн 95 хувийг хэвийн ажиллуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг нар танилцуулсан юм. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Бүх шатны боловсролын байгууллагад 5-10 хүнтэй сургалтын төвүүдийг оруулах уу. Энэ байгууллагууд 23-наас ажиллаж эхлэх үү, эсхүл ирэх сард ажиллаж эхлэх үү?
Ц.Ганзориг: Шар зэрэглэлд үйл ажиллагааг нь хязгаарлах аж ахуйн нэгжүүдийн нэрс бий. Тэгэхээр энд бичигдээгүй аж ахуйн нэгжүүд нээлттэй гэсэн үг. Тэгэхээр ХНХЯ-ны харьяанд байдаг сургалтын төвүүд энэ сарын 23-наас ажиллах юм.
-Шар түвшинд урлагийн тоглолт зохион байгуулж болох уу?
Ц.Ганзориг: Уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, шөнийн цэнгээний газар ажиллахыг хориглоно. Цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хязгаарлана. Тоглолтод бид тоо заасан байгаа. Тоглолт зохион байгуулахдаа тухайн танхимынхаа 50 хувийг дүүргээд тоглолт зохион байгуулж болно.
-Амралтын газрууд 23-наас ажиллах уу?
-Ц.Ганзориг: Амралтын газар ажиллана. Харин байгууллага, аж ахуйн нэгжийн нийтийн зугаалгыг хориглоно.
-Халдвар дахин олон тоогоор илэрвэл хөл хорио тогтоох уу?
С.Амарсайхан: Аль болох хэвийн ажиллах байдлаар зохион байгуулна. Цаашдаа, хэсэгчилсэн байдлаар хязгаарлалт тогтоогоод явна. Аж ахуйн нэгжүүдийг нээх нь аюул өнгөрлөө гэсэн үг биш. Тусгайлсан дүрэм журмын хүрээнд, дэглэмээ сахиж ажиллах ёстой.
-Гадаадаас ирэх иргэдийн нислэгийн тасалбарын үнийг хэдэн хувиар бууруулсан бэ?
С.Амарсайхан: Гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга орчим иргэн байгаагаас 60 хувь нь БНСУ зэрэг Азийн орнуудаас байна. 1500 орчим нь АНУ-аас. Үлдсэн хэсэг нь бусад орноос ирнэ. Тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлнө.
-Уул уурхайн салбарын ажилтнуудын ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
С.Амарсайхан: Уул уурхайн аж ахуйн нэгжүүд өөрсдийн дотоод дүрэм журам, хуваарилалтын дагуу ээлж сольж байгаа. Сар шинийн өмнө нэг ээлж сольсон. Одоо дахин ээлж солихоор ажиллаж байна.
-12 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч байсан төрийн албан хаагчдын ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
С.Амарсайхан: Аав, ээж нарт тулгамдаж буй хүндрэл. Тиймээс төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжүүд сургууль, цэцэрлэг нээх хүртэл аав ээжийн хүсэлт, өөрсдийн дотоод зохион байгуулалтдаа үндэслэн цахимаар ажиллуулах үүрэг өгч байгаа.
-Хотоос орон нутаг руу явж болохгүй. Тэгэхээр, орон нутаг хоорондын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?
С.Амарсайхан: Ногоон бүсээс Ногоон бүс хооронд зорчих асуудлыг тухайн орон нутгийн Онцгой комисс зохион байгуулна.
-Сургууль цэцэрлэг эхлэхээр хүүхдүүдээ явуулна, явуулахгүй гэсэн асуудал аав ээж нарын дунд бий. Тэгэхээр аав ээж нарын хүсэлтээр хүүхдүүдийг хичээлд нь явуулахгүй байх боломж бий юу?
С.Амарсайхан: Нэгдүгээрт, боловсролын байгууллагууд бэлтгэлээ хангаж байгаа. Хоёрдугаарт, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан зохион байгуулахаар ажиллаж байна. Гуравдугаарт, нэг хэсэг аав ээж нарт айдас хүйдэс бий. УОК-ын байр суурь бол хүүхдүүд танхимаар хичээллэсэн ч бай, үгүй ч бай эрсдэлгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Ингэхдээ салбарын яамны саналыг үндэслэн зохион байгуулна.