Зах, худалдааны төвүүд зургадугаар сараас НӨАТ-ын баримт олгодог болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-24 13:11:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томоохон зах, худалдааны төвүүдийг энэ оны зургадугаар сараас эхлэн НӨАТ-ын баримт олгодог болгохоор ажиллаж байгааг Татварын ерөнхий газар (ТЕГ)-аас мэдээлэв.

Баримт хэвлэгч машин өндөр үнэтэй тул зах дээр ажиллаж буй иргэд худалдан авахад хүндрэлтэй байдаг аж. Тиймээс хэвлэгч машиныг зээлээр олгох боломжийг бүрдүүлэхийг ТЕГ-аас хүссэн байна. Энэ хүрээнд 5-6 худалдагч дунд нэг баримт хэвлэгч машинтай болох, машиныг зээлээр олгох боломжийг бүрдүүлэхээр ТЕГ-аас НЗДТГ, НМХГ болон арилжааны банкууд, баримт хэвлэх машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран төлөвлөгөө боловсруулж байгаа юм. Уг ажлыг энэ оны зургадугаар сард багтаан хийж дуусгах аж.

ТЕГ энэ оны нэгдүгээр сард улсын төсөвт 57.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус байгууллага өнгөрсөн сард 54.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 104.3 хувиар биелүүлсэн байна. Харин энэ сард 195 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой бөгөөд одоогоор 92 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Татварын орлогын гүйцэтгэл өндөр байгаа нь өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгатай салшгүй холбоотой гэдгийг ТЕГ-ын дарга Л.Зоригт онцлов.

Тэрбээр, “НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш нийт 38 мянга 825 аж ахуйн нэгж баримт олгож байна. Мөн 2856 НӨАТ суутган төлөгч шинээр бүртгүүлсэн. Үүний үр дүнд татвар төлөлтын хэмжээ нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд ТЕГ улсын төсөвт нийт нэг их наяд 565.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсний 555.2 тэрбум нь НӨАТ-аас бүрдсэн байна. Энэ нь 2015 оноос даруй 70 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм” гэлээ.

НӨАТ-ын хуулийн хүрээнд иргэд www.ebarimt.mn цахим хуудсанд 2016 онд нийт 203 сая баримт бүртгүүлжээ. Энэ хугацаанд ТЕГ-аас 19 удаагийн сугалаа зохион байгуулж, 89 мянга 631 азтанд 3.7 тэрбум төгрөг олгосон байна. Мөн www.ebarimt.mn цахим хуудсанд овог нэр, утасны дугаар, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ бүрэн оруулсан 484 мянга 945 иргэнд 34.3 тэрбум төгрөгийн буцаан олголт хийжээ. Харин хувийн мэдээллээ бүрэн оруулаагүй 135 мянга 464 мянган иргэн байгаа аж. Эдгээр иргэдэд нийт нэг тэрбум 163 сая төгрөг буцаан олгох ёстой бөгөөд энэ сарын 25-наас өмнө хувийн мэдээллээ бүрэн оруулахыг ТЕГ-аас анхааруулав.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ