БСШУС-ын сайдыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-02 17:50:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг гишүүнийг томиллоо.

Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газар танхимын зарчмаар ажиллана”, “Засгийн газар, шийдвэр, мэдээлэл гаргах, албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг УИХ-ын чуулганы энэ сарын 01-ний хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүлсэн юм.

Чуулганы хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн, “БСШУСЯ-нд төрийн албан хаагчийг хууль бусаар халсан тохиолдол бий. Шүүхээс эдгээр албан хаагчдыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох талаар шийдвэр гаргасан байгаа. Тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх хэрэгтэй” хэмээв. Мөн 2020 оны олимпод оролцох тамирчдаа дэмжин ажиллахыг захилаа.

Нэр дэвшигч Ё.Баатарбилэг, “Хэрэв сайдаар томилогдвол асуудлыг нягтлан шалгаж, хуулийн хүрээнд шийдвэр гаргах болно. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа спортын салбарынхантай нягт хамтран ажиллаж ирсэн. Тиймээс олимпод оролцох тамирчдаа дэмжин ажиллах болно” гэсэн юм.

Мөн Х.Болорчулуун гишүүн, “Монголд 90 гаруй дээд сургууль бий. Үүний улмаас дээд боловсролын чанар алдагдаж байна. Тиймээс Монгол Улсын дээд боловсролын системийг шинэчлэх хэрэгтэй.

Ингээд санал хураахад гишүүдийн 91.5 хувь дэмжиж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар томиллоо.

Ё.Баатарбилэг нь 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль, 1993 онд Цэцэрлэг хотын 2 дугаар дунд сургуулийг төгссөн байна. Мөн 2002 онд МУИС-ийг нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр дүүргэж, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮ-ийн сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.

Холбоотой мэдээ