Г.Батбаяр:“Эрдэнэт”-ийн 49 хувийг монголын ард түмэн бус нэг хүн эзэмшинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголийн зэс” корпораци хууль бусаар худалдан авсан талаар Эрх чөлөө намаас мэдээлэл хийлээ.
Эрх чөлөө намын дарга Ш.Төмөрсүх хэлэхдээ, “Манай намын зүгээс 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шүүхэд хандсан.Энэ тогтоолыг яагаад хүчингүй болгох ёстой вэ гэхээр Үндсэн хуулинд Монгол Улсын байгалийн баялаг төрийн хамгаалалтан дор, ард түмний мэдэлд байх ёстой хэмээн заасан байдаг. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувь ард түмний мэдэлд биш хэдэн хүний мэдэлд орсон нь хууль зөрчиж байна. Анх иргэдэд “Эрдэнэт”-ийн 49 хувь Монгол эх орондоо ирлээ хэмээн ярьж байсан ч үнэндээ “Монголын зэс” корпораци “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг авсан байсан. Хэдхэн хүн, нэг компани, арилжааны банкны эзэмшилд очсоноор хамгийн аюултай нь энэ үйлдвэрээс орж ирж буй баялаг гадаадын банкаар дамжиж гарах эрсдэлтэй болж байна” гэв.
Хуулийн зөвлөх Г.Батбаяр “Засгийн газрын 330 дугаар тогтоолын эхний хэсэгт нь ОХУ хувьцааг Монголын зэс корпорацид зарахыг дэмжсэн саналыг харгалзан үз гэсэн байдаг. Түүнээс биш заавал зар гэсэн үүрэг өгөөгүй. Монголын зэс корпораци нь Эрдэнэт үйлдвэр болон Монросцветмет нэгдлийн 50 гаруй ашигт малтмалын лицензийг Худалдаа хөгжлийн банкинд 1.8 жилийн хугацаатай барьцаанд тавин 400 сая ам.долларын зээл авсан байна. Зээлийн хугацаа нь 2018 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дуусна. Энэ хугацаанд төлж чадахгүй бол Худалдаа хөгжлийн банкинд хувьцаагаа алдана гэсэн үг. Зээлдэгч банк нь өөрөө Монголын зэс корпораци болон ОХУ-ын өмнөөс яриад явдаг. Ирээдүйд иргэдийн ногдол ашиг болгон авах 30 мянган ам.долларыг Худалдаа хөгжлийн банк зөвхөн өөртөө авах гэж байгаа нь Монгол Улсыг хохирооно. “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголын ард түмэн бус нэг хүн эзэмших болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
М.Аминаа