Хилийн зурваст дөрвөн километр өргөст торон хаалт татжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших улсын
хилийн хариуцсан хэсэгт буюу Монгол Улсын хилийн 26, 27-27/1, 38-42 дугаар
тэмдгийн хооронд дөрвөн километр өргөст торон хаалт татжээ.
Тус торон хаалт нь хил зөрчигчдийн үйлдлийг таслан зогсоох, хил дамнасан
малын хулгай болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Торон хаалт татахад шаардагдах 11,8 сая төгрөгийн хөрөнгийг аймгийн Орон
нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн хил орчмын бүс нутгуудаас хоёр удаагийн
тохиолдлоор 70-аад адуу хил даван хулгайлагджээ. Үүний 28 нь дээрх Ногооннуур
сумаас алдагдсан байна. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард тус сумын нутаг болох Асгатын заставын
хэсгээр мал хулгайлах зорилгоор хил нэвтрэн орж ирсэн ОХУ-ын Тува Улсын дөрвөн
иргэнийг хилчид саатуулж байсан ажээ.