БАЯНХОНГОР: Ээж хаднаас мөнгө, үр хүүхэд хоёроос бусдыг гуйж мөргөдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-04 14:11:46

Баянхонгор, дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Нутгийнхан хүндлэн дээдэлж, сүслэн залбирдаг Ээж хад Баянхонгор аймгийн Өлзийт сумаас баруун урд зүгт 34 км, Баянхонгор аймгаас 50 гаруй км-т оршдог.


Ээж хад нь Баянхонгор аймгийн иргэд болон хил залгаа оршдог аймаг, сумдын иргэдийн мөргөн биширч, сүслэн залбирдаг бурхан бөгөөд “Хүслийг биелүүлэгч ээж” хэмээн нэрлэх нь ч бий.

 

Нутгийнхны хэлснээр, аймгийн төвөөс Өлзийтийн чиглэлд доод замаа дагасаар явахад гол туулалгүй очих бөгөөд Ээж хаднаас мөнгө, үр хүүхэд хоёроос бусдыг гуйж мөргөдөг байна. Ээж хадны баруун энгэрт нь эрэгтэй хүн, зүүн энгэрт нь эмэгтэй хүмүүс залбирч мөргөн, хүслээ шивнэдэг.


Хөшөөний зүүн тийш “Хийморийн овоо” байх ба эрчүүд гардаг тус овоонд ажил үйлс, амьдрал ахуйгаа даатган залбирдаг. Мөн Ээж хадны баруун талд Хаан, Хатан хоёрын суудал байдаг бөгөөд энд өрх гэрийн эхнэр, нөхөр хоёр сууж идээний дээж архи сөгнөж байгаль дэлхийдээ сэржим өргөдөг. Хаан, хатан хоёр суудлын ард нь цагаан ургаа чулуу байх агаад түүнд нутгийн иргэд мөнгө, түрийвчээ үрэн олз ашиг бэлгэддэг байна.

 

1862 оны Хар барс жил Галдан бошгот Түй, Шаргалжуутын голыг уруудан буцаж явахдаа их цэрэгтэйгээ буудаллан хоноглох шөнө ээжийгээ зүүдэлжээ. Галдан бошгот энэ газар 3000 түмэн цэргээр хүрээлүүлэн "Хараа ихт хар туг залан Төр тогтохын бэлэг буй за" гэж бэлгэдээд найман шилдэг харваачаар сонгон харвуулахад харвасан сум нь цөм нэг тусгалд тусч байсан гэнэ. Тэгээд тэр газрыг хүндэтгэн эмэгтэй хүний төрх хэлбэрийн хөшөө босгосон ажээ. Үүнээс хойш нутгийн ардууд “Хүслийг биелүүлэгч ээж” хэмээн нэрлэн шүтэж иржээ.



Сонирхуулахад, Ханш нээсэн өдрөөс хойш Баянхонгор аймгийн Ээж хад хөл ихтэй байдаг. Энэ нь "Ханш нээснээс хойших өдрүүдэд уул хад, газар шороондоо мөргөвөл арвин буян хураадаг” гэснээс үүдэлтэйгээр хүмүүсийн цуваа мөн чиглэлд тасардаггүй.


Ээж хаданд хувь хүн, албан байгууллагууд дээл хийгээд өмсгөчихдөг байсныг харин болиулжээ. Ээжийг олон дээл хувцас сольж өмсгөх нь харагдах байдлаасаа сайхан ч хадандаа сөрөг муу нөлөөтэй байсан аж. Тодруулбал, нөмөргөсөн дээлийг тайлахад хадны өнгө гундсан байдалтай, өгөршиж мэдэхээр байдалд ороод байсан тул хадыг байгалийн өнгөөр нь байлгахад анхаарч, дээл хувцас нөмөргөхөө больжээ.

Холбоотой мэдээ