МХЕГ-ын өргөн бүрэлдэхүүнтэй баг Дундговь аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-20 17:41:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан 20 орчим байцаагчийн бүрэлдэхүүнтэй баг Дундговь аймагт төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр энэ сарын19-нөөс ажлаа эхэлжээ. 

Жил бүр 1-2 аймагт явуулдаг нэгдсэн хяналт шалгалтыг 2019 онд тус аймагт хийхээр төлөвлөж, ийнхүү хэрэгжиж байгаа ажээ.

Нэгдсэн хяналт шалгалт нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартын хүрээнд дотоод хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилготой хэмээн МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат танилцууллаа.

Байцаагчид 5 ажлын хэсэг болон ажиллах бөгөөд аймгийн төв, хөдөө сумдад төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг хамарсан өргөн хүрээний шалгалт хийх нь ээ.

Энэхүү ажлын хүрээнд НӨУБ, Засаг дарга, түүний харьяа хэлтэс албадаас гаргасан шийдвэр, тэдгээрийн биелэлт, хэрэгжүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэргийг шалгаж, дүгнэлт өгөх бол аж ахуйн нэгж байгууллагын түвшинд байгаль орчин, геологи, уул уурхай, геодези зураг зүй, дэд бүтцийн хяналтын шинжилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын шинжилгээ, бодлого, хяналтын шинжилгээ, хүнсний аюулгүй байдал, цөмийн болон цацрагийн идэвхжлийн шинжилгээ гээд иж бүрэн үзлэг хийх ажээ.

Энэхүү үйл ажиллагааг зөвхөн хяналт шалгалт төдийгөөр ойлгох нь өрөөсгөл юм, тухайн орон нутагт байгаа бэрхшээл, тулгамдсан олон асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх ач холбогдолтой хэмээн МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат онцолсон юм.

 

Холбоотой мэдээ