Л.Оюун-Эрдэнэ: “Тавантолгой түлш” компани бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-09-25 15:44:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон нийслэлийн удирдлагууд сайжруулсан шахмал түлш буюу “Сайн түлш”-ний үйлдвэрлэл болон түгээлтийн явцтай танилцлаа.


Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрх, албан байгууллагуудад түүхий нүүрс түлүүлэхгүй байх, хот руу түүхий нүүрс оруулахгүй байх зорилгоор Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолыг баталсан. Харин түүхий нүүрсний хэрэглээг орлохуйц, чанарын шаардлага хангасан, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн шахмал түлшээр хангах болсон юм. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн “Тавантолгой түлш” компанийг байгуулсан бөгөөд “Сайн түлш”-ний түүхий эд нь Өмнөговь аймгийн Тавантолгой ордын илчлэг өндөртэй коксжсон нүүрс, мидлинг юм. Тавантолгойн бүлэг ордын өндөр илчлэгтэй, угаасан нүүрсийг нэмэлт хольцоор баяжуулан, дөл авалцах хугацааг богиносгон, шаталтыг нь дэмжих технологиор боловсруулан борлуулж буй юм. Үүний дүнд түүхий нүүрс шатах үед ялгаруулдаг хорт бодис болон агаарт дэгдэх нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ хоёр дахин буурах давуу талтай хэмээн үзэж байгаа юм. Шахмал түлшний найрлагын 96 хувь нь нүүрс, 4 хувь нь барьцалдуулагч бодис аж. Өнөөгийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг, хороодод байгаа 350 орчим борлуулах цэгт хүргэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулсан.


Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Хотыг, иргэдийг утаанаас ангижруулахын тулд Та бүхэн өдөр шөнөгүй сайн, муу хэлүүлэн ажиллаж байгааг хараад бахархаж байна. Утаа бол зөвхөн гэр хорооллынхны зовлон биш. Энэ жил шахмал түлш хэрэглэгчдийн хувьд ч, үйлдвэрийн хувьд ч анхны жил учраас засаж, сайжруулах зүйл бий. Үүнийгээ засаад цааш явахаас өөр сонголт одоогоор байхгүй. Үйлдвэрийн хувьд, бүтээгдэхүүний чанартаа өдөр тутамд анхаарч, стандарт горимоо барьж ажиллах, түгээлт борлуулалтаа боловсронгуй болгож, иргэдийг чирэгдүүлэхгүй, бухимдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Иргэдийн хувьд, сайжруулсан түлшийг зөв тээвэрлэж, зөв хадгалж, зөв галлах хэрэгтэй байна. Засгийн газраас шахмал түлшний үйлдвэрийн ажлыг бүх талаар  дэмжинэ” гэсэн юм. 


Одоогоор үйлдвэрт найман шугам ашиглан хоногт 2300-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд 10 дугаар сард шинээр хоёр шугам ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Үйлдвэрийн 700 ажилтан өдөрт 4 ээлж буюу нийт 20 цагаар ажиллаж байгаа юм. Одоогоор 165 мянган тонн түлш нөөцөлжээ. Үүнээс гадна сайжруулсан түлш худалдаж авах “Сайн карт”-ыг айл, өрхүүдэд үнэ төлбөргүй өгч эхэлсэн бөгөөд тухайн картын хувьд төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрхийн өвлийн турш хэрэглэх 3 тн-ын хэрэглээг хянах хяналтын хэрэгсэл гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэлж байв. Иргэд “Сайн карт”-ыг харьяа хорооноосоо авах боломжтой. Эхний ээлжинд 3 тонн буюу 120 шуудай нүүрс авах эрхтэй. Эрх нь дууссан тохиолдолд “Тавантолгой Түлш” ХХК-д хандаж сэргээлгэх аж.

Холбоотой мэдээ