Алслагдсан хорооны эмэгтэйчүүд гэртээ ойр ажиллах боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-02 18:03:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлд саяхан нээсэн Баянхошуу бизнес инкубатор цогцолборт Азийн сангийн дэмжлэгээр "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв" байгуулжээ. Азийн сангаас энэ онд бизнес эрхлэгч 200 гаруй эмэгтэйг дэмжин ажиллаж эхэлжээ. 

Алслагдсан хорооны эмэгтэйчүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар ханган сургалтад хамруулж байна. Өмнө нь хотын төв рүү "Урт цагаан", 3-р хороолол зэрэг газар руу автобусаар 1-2 дамжин явж байр түрээсэлдэг байсан оёдолчин эмэгтэйчүүд одоо гэртээ ойрхон ажлын байртай, дүүрэгтээ ажиллах боломжтой болов. Ингэснээр цаг, зардал хэмнэх, үйлчилгээг ойртуулсан олон давуу тал бий болж байна. 




Баянхошуу бизнес инкубатор цогцолборт Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв, Нийслэлийн Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацын салбар төв, гарааны бизнес эрхлэгч нарт зориулсан сургалтын төв, хүүхдийн номын сан, интернэт төв зэрэг олон үйлчилгээ нэг дор төвлөрүүлж иргэдэд ойртуулжээ.  

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төвийн нээлтэд оролцох үеэр, гэр хорооллын иргэд нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчинд сурч боловсрох, бизнес эрхлэгчид хөдөлмөр эрхлэх орчин нөхцөлөөр хангагдаж буйг онцолж байв. 






Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ