СЭЛЭНГЭ: Алтанбулаг хилийн боомтын авто зам, авто зогсоолын ажлыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-14 10:23:02

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн иргэд сумын төвийнхөө баруун хэсгээр, Ази Европыг холбосон олон улсын жишиг стандартад нийцсэн шинэ замтай боллоо.

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Олон улсын авто замын шалган нэвтрүүлэх хилийн боомтоор дамжин өнгөрөх зорчигч болон тээврийн хэрэгслийн нэвтрэх чадварыг сайжруулах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх.

 

Мөн Алтанбулаг сумын төвийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нутгийн иргэдийн аюулгүй эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2019 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны 14.8 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлээр санхүүжигдсэн Алтанбулаг хилийн боомтын 4 эгнээ 1.7 км урттай хатуу хучилттай хөрсний ус зайлуулах дренаж систем бүхий засмал зам, 7000 м2 талбай бүхий авто зогсоолын зам талбайн ажлыг Эйч Кэ Би Интернэйшнл Холдинг ХХК 2019-2023 оны хооронд хийж гүйцэтгэлээ.

 

Энэхүү зам тээврийн бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам болон холбогдох салбар чиглэлийн мэргэжлийн байгууллагын багаас бүрдсэн ажлын хэсэг, улсын комисс ажиллаж, зам талбайг байнгын ашиглалтад өчигдөр хүлээн авлаа.

 

Ингэснээр Алтанбулаг хилийн боомтын дамжин өнгөрүүлэх нэвтрэх чадвар 3 дахин сайжирч экспорт импорт нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа аж.