Букерийн шагналыг Ирландын зохиолч хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-11-27 12:25:57

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр 27 /TASS/. Энэ оны Букерийн шагналыг Ирландын зохиолч Пол Линч "Prophet Song" романаараа хүртлээ. Англи хэлээрх уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй энэхүү шагналын эзнийг тодруулах ёслол Лондон хотын “Old Billingsgate” цогцолборт ням гаргийн орой болжээ. 


Пол Линчийн тав дахь бүтээл болох уг дистопи роман нь Ирландын дарангуйллын дэглэмийн үед Дублин хотод амьдардаг Эйлис Стек хэмээх нэгэн микробиологич эмэгтэйн түүхийг өгүүлдэг. Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн нөхөр Ларрийг нь эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр нууц цагдаагийн газрынхан баривчилсны дараа судлаач бүсгүй дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөхөөс өөр аргагүйд хүрдэг ажээ.


"Авторитар засаглал руу улам бүр гулсан орж буй дистопи Ирландад дарангуйллын дэглэмээс гэр бүлээ аврах гэсэн нэгэн бүсгүйн тухай өгүүлэх эл роман нь цочирдмоор боловч зарим үед усгал зөөлөн мөд мартагдахааргүй зохиол юм" гэж Букерийн шагналын шүүгчдийн зөвлөлийн дарга, Канадын зохиолч Эси Эдужан онцолжээ. 


Пол Линч 1977 онд Лимерик хотод Ирландын эргийн хамгаалалтын албаны ажилтны гэр бүлд төржээ. 2013 онд зохиолчийн гараагаа эхлүүлсэн тэрбээр “The Sunday Tribune” сонинд кино шүүмж бичдэг байв. "Red Sky in Morning" хэмээх түүний бичсэн анхны роман нь хэвлэгдсэн даруйдаа Америк, Францын утга зохиолын хүрээнийхнээс нааштай үнэлгээ авчээ. П.Линчийн дараагийн бүтээлүүд болох "The Black Snow", "Grace", "Beyond the Sea" зэрэг бүтээлүүд нь утга зохиолын олон шагналд нэр дэвшсэн байна. 


"Prophet Song" зохиолоос гадна Канадын зохиолч Сара Бернштэйний "Study For Obedience", Ямайк гаралтай Америкийн зохиолч Жонатан Эскоферийн "If I Survive You", Ирланд гаралтай Пол Мюррейгийн "The Bee Sting", Америкийн зохиолч Пол Хардингийн "This Other Eden", Энэтхэг гаралтай Британийн зохиолч Четна Маругийн "Western Lane" зэрэг романууд энэ оны Букерийн шагналын сүүлчийн шатны шалгаруулалтад багтжээ.


2022 оны 10 дугаар сарын 1-нээс хойш Их Британи, Ирландад хэвлэгдсэн 163 зохиолоос Букерийн шагналтныг тодруулсан байна. Өнгөрсөн оны шагналыг Шри-Ланка улсын зохиолч Шехан Карунатилака хүртсэн билээ.

Холбоотой мэдээ