Ж.Түдэвдорж: Цус ойртолт нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлсын хэмжээнд цус ойртолт ихэссэн, 2005-2009 оны хооронд 689 согогтой хүүхэд мэндэлж байсан бол 2014-2015 онд 1280 тохиолдол болж өсчээ хэмээн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон "Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачилга өрнүүлэх” хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Дөнгөж мэндэлж буй нярай согог, гажигтай төрөх нь цус ойртолтын шинж тэмдэг гэдгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд онцолж байв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар”, “Монголын ураг уламжлалын холбоо” хамтран дээрх санаачилгыг гаргаж байгаа аж.
Монголын ураг удам уламжлалын холбооны тэргүүн Ж.Түдэвдорж ярихдаа, “Төрөлхийн согогтой, ургийн гажигтай хүүхэд мэндлэх явдал нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь цус ойртолт их байгаагийн шинж. Цус ойртолтыг тоохгүй зөнд нь орхивол үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй бөгөөд юуны түрүүнд ойрын хугацаанд эрх зүйн зохицуулалт хийж, айл бүрийг угийн бичиг хөтөлдөг болох шаардлагатай” гэв.
Цус ойртолтод нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол хүн ам дахь гэрлэлтийн бүтэц, гэрлэлтийн тогтолцоо аж. Өнөөдөр нэг баг, сум, аймаг дахь нийт гэрлэлтийн 73.9-86.1 хувь нь тухайн баг, сум, аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэж буй явдал. Хүн ам дахь оюуны хөгжлийн доройтолд цус ойртолт хэрхэн нөлөөлж буйг 2016 оны байдлаар насны бүлгээр авч үзвэл 15-64 насны хүн ам буюу эдийн засгийн хамгийн идэвхтэй хүн амд оюуны хомсдлын түвшин өндөр гэсэн судалгаа гарчээ.
Иймээс угийн бичиг хөтлөх нь удам угсаагаа цэвэр ариун байлгах, цус ойртох, монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлнэ” гэж Шинэ эхлэл лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэ хэлж байв.
Угийн бичиг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам угсааны бичиг юм. Манай улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн байгаагаас 41 үеэ мэддэг хүн ч бий аж.
Р.Хишигжаргал